АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Атлантын далайн нэрийг "Америк далай" (American Ocean) болгон өөрчлөх тухай гаргасан хүсэлтийг нь Google компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай хүлээж авахаас татгалзсан тухай мэдэгдлээ. Д.Трамп Өмнөд Каролина мужид болсон сонгуулийн сурталчилгааны цуглааны үеэр үг хэлэхдээ, Google Maps платформыг эзэмшдэг Google компани руу энэ асуудлаар биечлэн утасдаж ярьсан гэдгээ дурдсан байна.
Түүний хэлснээр, Google компанийн зүгээс далай тэнгисүүд нь олон улсын газар нутгийг дайрч, залган оршдог учраас хуурай газраас "өөр" гэсэн тайлбарыг өгчээ.
Д.Трамп Сундар Пичайтай хэрхэн ярилцсанаа уулзалтын үеэр ийнхүү хуваалцав:
"Би 'Сундар, би Атлантын далайн тухай бодож байна. Чи үүнийг зохицуулж чадах уу?' гэж асуухад тэр 'Үгүй ээ, үгүй, үгүй, энэ удаад би үүнийг хийж чадахгүй' гэсэн. Тэгээд 'Ноёнтоон, далай тэнгисүүд бол өөр шүү дээ, эрхэм ээ. Тэд маш олон, үнэхээр олон улс орныг хамардаг. Биднээс үүнийг хийхийг битгий хүсээч' гэж хэлсэн" хэмээн ярьжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч үүний дараа тус далайг "Атлант" хэвээр нь үлдээх буулт хийж болох юм гэснээ, удалгүй "Гэхдээ л бид үүнийг Америкийн далай гэж нэрлэх болно" гээд "Еврочууд үүнд үнэхээр баярлах байх даа" хэмээн хошигносон байна.
Өмнөх нэр өөрчлөлтүүд болон түүний төлөвлөгөө
Хэдийгээр далайн нэрийг өөрчлөхөөс Google татгалзсан ч Трампын шахалтаар өмнө нь хэд хэдэн газар зүйн нэрийг өөрчилж байсан практик бий. Alphabet компанийн эзэмшдэг Google компани 2025 оны 1 дүгээр сард Трампын өгсөн тушаалын дагуу АНУ-ын хэрэглэгчдийн Google Maps дээрх Мексикийн булангийн нэрийг "Америкийн булан" (Gulf of America) болгон өөрчилж байжээ.
Мөн үүнтэй адил АНУ болон Канадын хил дээрх Онтарио нуурыг "Америк нуур" (Lake America) болгон өөрчилснийг зөвхөн АНУ-ын хэрэглэгчдэд харагдахаар зохицуулж байв. Харин Канад болон дэлхийн бусад улсын хэрэглэгчдэд Онтарио нуур хэвээрээ харагддаг байна.
Түүнчлэн, Трамп өнгөрсөн сард АНУ-ын Нью-Мексико (Шинэ Мексико) мужийн нэрийг "Нью-Америка" (Шинэ Америк) болгон өөрчилж магадгүй тухай санал гаргаж байсан удаатай юм.
ТАТАР МАЙДАР







Гадаад



