Мьянмарын засаг төрөөс унагаагдсан удирдагч Аун Сан Су Чи таван жил гаруйн хугацаанд анх удаа хүүтэйгээ утсаар ярилаа
Мьянмарын цэргийн хунтын засаглалынханд баривчлагдан хоригдож буй тус улсын удирдагч асан Аунг Сан Су Чи энэ долоо хоногт хүү Ким Аристэйгээ холбогдсон байна. Энэ нь тэдний хувьд сүүлийн таван жил гаруйн хугацаанд анх удаа шууд харилцсан тохиолдол болжээ.

Хүү Ким Арисийн мэдээлснээр одоо 81 настай ээжтэйгээ 20 гаруй минутын турш утсаар ярилцсан байна. Тэрээр өмнө нь ээжийнхээ биеийн байдал, нөхцөл байдлын талаар зөвхөн дам сураг, баталгаагүй мэдээллүүдийг л хүлээн авдаг байжээ. Аун Сан Су Чи нь өөрийнх нь зүгээс огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа зохиомол хэргүүдээр одоогийн байдлаар 18 жилийн хорих ял эдэлж байгаа юм.
Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи нь 2021 оны хоёрдугаар сард Мьянмарын цэргийнхэн төрийн эргэлт хийж, ардчилсан замаар сонгогдсон засгийн газрыг нь унагах үеэр баривчлагдсан билээ. Тус цэргийн эргэлт нь улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн, зэвсэгт тэмцлийг дагуулж, улмаар иргэний дайн болон хувирсан юм. Уг цуст мөргөлдөөний улмаас өнөөдрийн байдлаар 100 мянга орчим хүн амь үрэгдэж, сая сая иргэд гэр орноосоо дайжаад байна.
Аун Сан Су Чи 1988 оны дөрөвдүгээр сард Мьянмарын ардчилсан хөдөлгөөнд хөл тавьж эхэлжээ
Аунг Сан Су Чи бол 1947 онд буюу тус улс Их Британиас тусгаар тогтнохоос зургаа хүрэхгүй сарын өмнө бусдын гарт амь үрэгдсэн тусгаар тогтнолын баатар, генерал Аун Саны охин юм.

Тэрээр 1960 онд ээжийгээ Энэтхэг улсад суух элчин сайдаар томилогдоход Нью-Дели рүү нүүж, улмаар залуу насныхаа ихэнх хугацааг АНУ болон Англи улсад өнгөрүүлсэн байна. Англид байхдаа буюу 1972 онд Британийн эрдэмтэн Майкл Аристэй гэрлэжээ. Үүний дараа тэрээр 1988 оны эхээр цэргийн дарангуйлагч генерал Не Виний олон жилийн засаглалыг эсэргүүцсэн ардчилсан хөдөлгөөнүүд өрнөх үеэр өвчтэй ээжийгээ асрахаар төрсөн нутаг Мьянмартаа эргэн ирсэн түүхтэй.
Би аавынхаа охин учраас энд болж буй бүх үйл явдлыг зүгээр хараад сууж чадсангүй хэмээн тэрээр цугларсан олонд хандан хэлжээ.

Тэрээр есдүгээр сар гэхэд сөрөг хүчний гол нам болох Ардчиллын төлөөх үндэсний лиг (NLD) намыг байгуулалцсан байна. Гэвч жилийн дотор тэрээр гэрийн хорионд орж, түүнээс хойш өнөөг хүртэл үргэлжилж буй амьдралынхаа хамгийн хүнд хэцүү он жилүүдийг эхлүүлжээ.
Цэргийн хунта 1990 оны тавдугаар сарын ардчилсан сонгуулийн үр дүнг дарав. Үүсгэн байгуулагч нь шоронд хоригдсон ч Ардчиллын төлөөх үндэсний лиг нам шантралгүй ажиллаж, 1990 оны тавдугаар сарын сонгуулиар 492 суудлаас 392-ыг нь буюу нийт саналын 59.9 хувийг авч үнэмлэхүй ялалт байгуулав.
Су Чигийн хоригдол болсон явдал болон Мьянмарын улс төрийн ерөнхий нөхцөл байдал дэлхий дахины анхаарлыг татаж эхэлжээ. Улс төрийн хоригдлуудыг зодож нүдэх, тогтоор цохиулах, усанд удаан хугацаагаар дүрэх, унтуулахгүй байх зэргээр эрүүдэн шүүж буй тухай мэдээллүүд гарч эхэлсэн байна.
Тухайн үед цэргийн засгийн газарт хоригдож байсан улс төрийн хоригдлуудын тоо 30 мянгад хүрсэн гэж тооцоолж байв. Мөн 1990 онд хоригдлууд шоронгоос суллагдсаныхаа дараахан нас барсан тохиолдол дор хаяж хоёр удаа гарчээ. Су Чи нь ард түмний хувьд өөрчлөлтийн гол итгэл найдварын бэлгэдэл байсан бөгөөд түүний сонгуулийн ялалт цэргийн дарангуйллыг унагах аюул заналхийлж эхэлсэн тул засгийн газраас сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцож, эрх мэдлийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан байна.
Аун Сан Су Чи 1991 оны аравдугаар сард гэрийн хорионд байхдаа Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. Сонгуулийн үр дүнг нь дарж, өөрөө гэрийн хорионд байсаар байсан ч Су Чид ардчиллын төлөөх хүчирхийлэлгүй тэмцлийг нь үнэлж 1991 онд Нобелийн энх тайвны шагнал олгосон байна.
Нобелийн хорооноос түүнийг Махатма Гандигийн энх тайвны үзэл санаанаас урам зориг авч, улс орны угсаатны бүлгүүд эв найртай хамтран ажиллах боломжтой ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө тэмцсэн Бирмийн эрх чөлөөний орчин цагийн бэлгэдэл хэмээн тодорхойлжээ. Энэхүү шагнал нь ардчиллын төлөөх удирдагчийн талаарх дэлхий дахины ойлголтод томоохон нөлөө үзүүлсэн ч цэргийн хунтын шийдвэрийг өөрчилж чадаагүй юм. Су Чи 1995 оны долоодугаар сарын 10-ны өдрийг хүртэл гэрийн хорионд байсан билээ.
Тэрээр 1995 оны долоодугаар сард суллагдсаныхаа дараа маш хүнд сорилтуудтай тулгарчээ. Су Чиг 1995 оны зун анхны гэрийн хорионоос суллагдах үед зургаан жил өнгөрсөн байв. Түүний байгуулсан Ардчиллын төлөөх үндэсний лиг нам оршин тогтносоор байсан бөгөөд намын удирдлагыг өөрчлөхийг хориглосон шийдвэрийг сөрөн тэр оны аравдугаар сард түүнийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин томилжээ.
Улс төрөөс үүдэлтэй хүчирхийлэл үргэлжилж байсан ч Мьянмарт ардчилал тогтоох гэсэн Су Чигийн хүчин чармайлтыг мохоож чадаагүй юм. Түүний явж байсан цуваа руу 1996 онд Рангүүн хотод халдсан бөгөөд 1997 оноос эхлэн Су Чигийн шилжилт хөдөлгөөнийг эрс хязгаарлаж эхэлжээ. Хьюман Райтс Воч байгууллагаас тэр жил гаргасан тайландаа түүнийг 1995 онд сулласан явдал нь хүний эрхийн шинэчлэл хийх дохио байж магадгүй гэсэн бүх итгэл найдвар 1996 оны үеэр бүрэн нуран унасан гэж тэмдэглэжээ. Учир нь улс төрийн баривчилгаа болон дарамт шахалт эрс нэмэгдэж, албадан хөдөлмөр эрхлүүлэх, хүчээр нүүлгэн шилжүүлэх, дур мэдэн баривчлах явдал сая сая жирийн Мьянмарчуудын өдөр тутмын амьдралын бодит төрх хэвээр үлдсэн байна.
Тэр оны зургадугаар сард засгийн газрыг амаар шүүмжлэх төдийд л 20 жилийн хорих ял оноодог шинэ хууль хүчин төгөлдөр болжээ. Үүний зэрэгцээ үндэсний цөөнх оршин суудаг бүс нутгуудаас 85 мянга гаруй хүнийг гэр орноос нь цэргийн хяналтад байдаг хөдөлмөрийн лагерь болон цэргийн хотууд руу хүчээр нүүлгэн шилжүүлсэн байна.
Аун Сан Су Чигийн нөхөр Майкл Арис 1999 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Англи улсад хорт хавдрын улмаас нас баржээ.
Тэд 1995 оноос хойш бие биенийгээ хараагүй байсан бөгөөд учир нь цэргийнхэн түүний нөхөрт Мьянмарын виз олгохоос татгалзсан, мөн Су Чи өөрөө гадаад руу явчихвал эргэж нутагтаа ирэх эрхийг нь хаана гэж эмээж байсантай холбоотой юм.
Үйл ажиллагааг нь хязгаарлаж байсан ч Су Чиг 2000 оны есдүгээр сард хоёр дахь удаагаа гэрийн хорионд оруулжээ. Тэрээр хоёр жилийн дараа буюу 2002 оны тавдугаар сард суллагдахдаа бүх иргэдийг улс төрийн үйл явцад чөлөөтэй оролцуулахын төлөө тууштай тэмцэхээ дэмжигчиддээ амласан байна.
Мьянмарын хойд хэсгээр улс төрийн аялан тоглолт хийж байх үед нь Су Чигийн цуваа руу отож халдсан бөгөөд үүнийг түүний амь насыг бүрэлгэх гэсэн оролдлого гэж үздэг. Уг халдлагын үеэр түүний хэд хэдэн дэмжигч амь үрэгджээ. Үүний дараа Су Чиг буцаан гэрийн хорионд шилжүүлсэн байна. Түүний гэрийн хориог 2007 оны тавдугаар сар болон 2008 оны тавдугаар сард дахин сунгажээ. НҮБ-ын Дур мэдэн саатуулах асуудлаарх ажлын хэсгээс 2008 оны энэхүү шийдвэрийг олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзсэн байна.
Мьянмарын ардчиллын төлөөх тэмцэгчид, лам хуврагууд болон жирийн иргэд 2007 оны найм, есдүгээр сард хэдэн арван жилийн дарангуйлал, эдийн засгийн буруу менежментийг эсэргүүцэн тайван замаар жагсаал зохион байгуулж гудамжинд гарчээ. Буддын шашны лам нарын удирдсан учраас "Шаргал хувьсгал" гэж нэрлэгдсэн энэхүү ховор хөдөлгөөн нь 1988 оноос хойш тус улсад өрнөсөн хамгийн том ардчилсан жагсаал болсон юм. Гэвч генералууд 1988 оныхоо адил зэвсэггүй жагсагчдыг зодож, олноор нь баривчилж, цугларсан олон руу гал нээж зэрлэгээр дарангуйлжээ. Гадаадын сэтгүүлчдийг тус улсад нэвтрүүлээгүй бөгөөд орон нутгийн олон сурвалжлагчдыг баривчилсан байна. Гэсэн хэдий ч цөөн тооны зоригтой тэмцэгчид гар утсаар авсан зарим дүрсийг хилийн чанадад гаргаж чаджээ.
АНУ-ын нэгэн иргэн зөвшөөрөлгүйгээр түүний гэрт нэвтэрсэн тухай эрх баригчдад мэдэгдсэний дараа Су Чиг гэрийн хорионы дэглэм зөрчсөн хэргээр 2009 оны тавдугаар сард баривчилж, шүүх хурал хийжээ. Түүний шүүх хурал тавдугаар сараас долоодугаар сар хүртэл олон удаа хойшилж, олон нийтэд хаалттай өрнөсөн байна. Анх түүнд гурван жил хүнд хөдөлмөр эрхлэх ял оноосон ч сүүлд нь 18 сар гэрийн хорионд байлгахаар шийдвэрийг өөрчилжээ.
Цэргийнхний дэмжлэгтэй Эв нэгдэл, хөгжлийн нам 2010 оны арваннэгдүгээр сард болсон сүүлийн 20 жилийн анхны ерөнхий сонгуульд ялалт байгуулав. Су Чигийн нам сонгуулийн дүрмийг шударга бус хэмээн үзэж уг сонгуулийг бойкотлосон бөгөөд сонгууль дууссанаас зургаа хоногийн дараа Су Чи гэрийн хорионоос суллагджээ.
Иргэний засаглалтай гэгдэж байсан засгийн газар сонгуулийн хуулинд буулт хийсний дараа түүний нам нөхөн сонгуульд оролцож, улмаар Су Чи 2012 оны дөрөвдүгээр сард парламентад суудал авч чадсан байна.
Үүнээс гурван жилийн дараа буюу 2015 оны арваннэгдүгээр сард болсон ерөнхий сонгуульд түүний Ардчиллын төлөөх үндэсний лиг нам үнэмлэхүй ялалт байгуулав. Үндсэн хуулиар түүнийг ерөнхийлөгч болохыг хориглосон байсан тул тусгайлан бий болгосон Төрийн зөвлөх гэх албан тушаалыг авч, улс орноо удирдах зам нь нээгджээ.
Су Чи улс орны угсаатны хоорондын олон тооны мөргөлдөөнийг шийдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, генерал асан Тейн Сейний эхлүүлсэн шинэчлэлийг үргэлжлүүлэхээ амласан байна. Гэвч 2008 онд армийн заавраар боловсруулж, баталсан үндсэн хуулийн дагуу цэргийнхэн төрийн эрх мэдэлд маш том нөлөөгөө хадгалсаар байсан юм.
Засгийн газар 2017 оны наймдугаар сард Рохинжа цөөнхийг үндэстний хувьд устгахыг оролдсон гэж буруутгагджээ. Мьянмарын муслим Рохинжа цөөнхийг төлөөлж байна гэх зэвсэгт дайчид 2017 онд тус улсын баруун хэсгийн Рахин мужид аюулгүй байдлыг хангах хүчнийхэн рүү халдаж, хэдэн арван хүний амь насыг бүрэлгэсэн байна.
Армийнхан үүний хариуд бөөнөөр нь устгах, хүчирхийлэх, гэр орныг нь шатаах зэрэг зэрлэг цэргийн ажиллагаа явуулж, улмаар 730 мянга гаруй Рохинжа иргэдийг Бангладеш улс руу дүрвэхэд хүргэжээ.
Шүүмжлэгчид армийн энэхүү үйлдлийг үндэстнийг цэвэрлэх халдлага, магадгүй төрлөөр нь устгах геноцид үйлдэл гэж үзэж байгаа юм. Су Чиг олон жилийн турш бишрэн шүтэж байсан гадаадын дэмжигчдийнх нь сэтгэлийг гонсойлгосон нэгэн үйлдэл болсон нь тэрээр хожим нь армийнхан зэвсэгт дайчдын халдлагын эсрэг "ихэнхдээ зүй зохистой" хариу арга хэмжээ авсан хэмээн мэдэгдсэн явдал байв.
Су Чи 2019 оны арванхоёрдугаар сард төрлөөр нь устгах геноцид үйлдсэн гэх зэмлэлийг няцаав. Су Чи Мьянмар улсыг геноцид үйлдсэн гэх буруутгалаас хамгаалахаар Гаагийн шүүхэд биеэр очжээ. Тэрээр НҮБ-ын Олон улсын шүүх дээр үг хэлэхдээ уг хүчирхийллийг "дотоодын зэвсэгт мөргөлдөөн" гэж тодорхойлсон бөгөөд өөрөө ч мөн уг цуст ажиллагаанд хамтран оролцсон хэрэгт буруутгагдсан байна. Түүний энэхүү алхам нь олон улс дахь нэр хүндэд нь маш том цохилт болсон юм.
Ардчиллын төлөөх үндэсний лиг нам 2020 оны арваннэгдүгээр сард болсон сонгуулиар парламентад бүр ч олон суудал авч, 2015 оны амжилтаа улам ахиуллаа. Гэвч сөрөг хүчний гол нам болох цэргийнхний дэмжлэгтэй Эв нэгдэл, хөгжлийн нам сонгуульд луйвар орсон хэмээн үзэж, сонгуулийг дахин явуулахыг шаардсан бөгөөд шударга байдлыг хангахын тулд армиас тусламж хүсчээ. Сонгуулийн албан ёсны дүнгээр хол зөрүүтэй ялалт байгуулсан тул үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулахыг зорьж байгаагаа Ардчиллын төлөөх үндэсний лиг нам мэдэгдсэн байна. Гэвч дараа оны нэгдүгээр сар гэхэд армийнхан сонгуулийн маргааныг шийдвэрлэхгүй бол "арга хэмжээ авна" гэж сүрдүүлж эхэлжээ.
Мьянмарын цэргийнхэн 2021 оны хоёрдугаар сард төрийн эргэлт хийж, шинэ парламентын анхны чуулган хуралдахаас хэдхэн цагийн өмнө Су Чи болон түүний намын болон засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. Шүүхээс түүнийг 15 хоног саатуулах зөвшөөрөл олгосон бөгөөд хоёрдугаар сарын 3-ны өдөр түүнийг арваас дээш тооны гар радио (раци) хууль бусаар импортолсон хэрэгт буруутгав. Тухайн үед Нью-Йорк Таймс сонин энэхүү үйлдлийг "урьд нь зохиож байсан утга учиргүй хуулийн хилс хэргүүдийн үргэлжлэл" гэж тодорхойлж байжээ. Төрийн эргэлтийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шинэ хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн бөгөөд олон улсад Су Чиг суллахыг шаардсан уриалга улам хүчтэй болсон байна. Су Чи болон эрх баригч намын бусад удирдлагуудыг үүр цайхын өмнөх гэнэтийн дайралтаар баривчилсан бөгөөд түүнийг авлига, Төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн, түүнчлэн "Байгалийн гамшгийн менежментийн тухай хуулийн 25 дугаар заалт"-ыг зөрчсөн гэх мэт хэд хэдэн хэрэгт давхар буруутгажээ. Түүний өмгөөлөгчдийн зүгээс эдгээр хэргүүдийг түүнийг олон нийтийн хараанаас хол байлгах зорилгоор зориуд зохиосон гэж мэдэгдэж байв. Су Чи 2021 оны хоёрдугаар сард баривчлагдсанаасаа хойш өнөөг хүртэл хоригдсоор байна.

The Independent сонин 2024 оны арванхоёрдугаар сард түүний хүнд хэцүү амьдралыг харуулсан баримтат киног гаргав. Тус сонин Аунг Сан Су Чигийн улс төрийн замнал болон өв уламжлалыг судалсан "Цуцлагдсан нь: Аунг Сан Су Чигийн мандалт ба уналт" хэмээх баримтат киног үзэгчдийн хүртээл болгожээ.
Уг баримтат киноны хариуд Британийн Гадаад хэргийн сайд асан Уильям Хэйг, Сэр Малкольм Рифкинд, Жек Стро нар засаг төрөөс унагаагдсан удирдагчийг зохиомол хилс хэргээр шоронд хорьсон гэдгийг мэдэгдээд, түүнд улс орноо ардчилсан замаар удирдах боломжийг олгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Киноны нээлтэд оролцсон Гадаад хэргийн дэд сайд асан Эндрю Митчелл хэлэхдээ Мьянмарын хууль бус цэргийн хунта түүнд дэндүү аймшигтай хандаж байна, түүнийг нэн даруй суллах ёстой бөгөөд яг үүнтэй адил баримтат кинонууд үүний шалтгааныг ойлгоход тусалдаг гэдгийг онцолжээ.
Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми 2025 оны нэгдүгээр сард Су Чиг суллахыг түүхэнд анх удаа уриалжээ. Тухайн үеийн Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми Су Чиг суллах тухай түүхэн бөгөөд шийдвэртэй уриалгыг гаргасан байна.
Аун Сан Су Чиг 2026 оны дөрөвдүгээр сард буцаан гэрийн хорионд шилжүүлжээ. Төрийн эргэлт хийсэн цэргийн бүлэглэлийн удирдагч Мин Аун Хлайн өөрийгөө ерөнхийлөгчөөр томилсон хууль бус сонгуулийн дараа Су Чиг Нейпьидо хот дахь гэрийн хорионд шилжүүлсэн байна.
Энэхүү алхмыг Буддын шашны баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх ажлын нэг хэсэг хэмээн тайлбарласан ч шинжээчид үүнийг болон бусад мянга мянган хоригдлуудыг сулласан явдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэсэн цэргийн дэглэмийн хоосон оролдлого гэж үзэж байгаа юм. Их Британи дахь "Бирмийн төлөөх аян" байгууллагаас улс төрийн хоригдлуудыг ийнхүү шат дараатайгаар алгуур суллаж байгаа нь ямар нэгэн бодит шинэчлэл хийхгүйгээр зөвхөн олон нийтэд эерэг сэтгэгдэл төрүүлэх гэсэн заль мэх хэмээн мэдэгджээ. Хэрэв Бирмийн цэргийн дэглэм үнэхээр шинэчлэл хийхийг хүсч байсан бол өнөөдөр улс төрийн 14 мянган хоригдлыг бүгдийг нь нэгэн зэрэг суллах байсан гэдгийг тус байгууллагын төлөөлөгч Минн Тент Бо онцолсон байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад



