Жэнсэн Хуанг Казахстаны хиймэл оюун ухааны (AI) төлөвлөгөөг бүрэн дэмжин хамтрахаа илэрхийлж, NVIDIA энэ улсад түншлэлээ өргөжүүлж эхэллээ.
Казахстан улс эрчим хүчний нөөц, инженерийн боловсон хүчин, үйлдвэрлэлийн бааз суурьдаа тулгуурлан хиймэл оюун ухааны (ХОУ) тооцоолон бодох байгууламжуудыг хөгжүүлж, уул уурхай, үйлдвэрлэл, робот техник зэрэг салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа энэ үед NVIDIA корпораци тус улс дахь түншлэлээ идэвхтэй өргөжүүлж байна. Одоогоор "Казахтелеком" компани NVIDIA-гийн процессоруудыг суурилуулаад байгаа бөгөөд "Firebird" болон "Freedom Holding" компаниудыг хамарсан илүү том төслүүд хэрэгжих шатандаа явж байна.
10 дугаар сарын 23-нд (2026 он) NVIDIA-г үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Жэнсэн Хуанг тус улсын Шадар сайд Жаслан Мадиевын урилгаар Казахстанд анх удаа зочиллоо. Тэрээр Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзаж, тооцоолон бодох салбарын хөрөнгө оруулалт, робот техник, технологийн хөгжлийн талаар төр, бизнесийн удирдагчидтай хэлэлцсэн байна. Ж.Хуанг Ерөнхийлөгч Токаевт хандан "Улс орноо ХОУ-ны үндэстэн гэж тунхагласанд тань талархаж байна" хэмээн хэлжээ.
Ерөнхийлөгч Токаев ХОУ болон цахимжилтыг үндэсний тэргүүлэх чиглэл гэж тодорхойлоод, Ж.Хуангийн айлчлал түншлэлийг бэхжүүлнэ гэдгийг тэмдэглэв. Мөн Ж.Хуангд тус улсын төрийн дээд шагнал болох I зэргийн "Достык" (Найрамдал) одонг гардуулав.
Робот техник ба үйлдвэрлэлийн хиймэл оюун ухаан
Астана хотын "alem.ai" төвд болсон хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд бөгөөд Хиймэл оюун ухаан, цахим хөгжлийн сайд Ж.Мадиев Казахстаны эрчим хүчний нөөц, инженерийн бааз нь роботуудыг бодит ертөнцөд ажиллуулах боломжийг олгодог физик хиймэл оюун ухааныг (physical AI) хөгжүүлэхэд дэмжлэг болно гэв. Ж.Хуанг үүний хариуд "Ирээдүйд та бүхэн зөвхөн эрчим хүч экспортлох бус, эрчим хүчийг оюун ухаан (интеллект) болгон хувиргаж, оюун ухааныг экспортлох боломжтой" гэж онцолжээ.
Мөн хэлэлцүүлгийн үеэр дараах төслүүдийг танилцуулсан байна:
-
Freedom Holding: Алматы болон Астана хотуудын дижитал хувилбарыг (хуулбар) бүтээж, NVIDIA-гийн технологи ашиглан хотын симуляци орчинд бие даасан роботуудыг сургаж, турших төлөвлөгөөг танилцуулав.
-
Бие даасан такси (Autonomous ride-hailing): inDrive, Pony.ai болон NVIDIA компаниуд Казахстанд өөрөө жолоодох таксины үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судлах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Эхний зах зээл нь Астана хот байх бөгөөд Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр шийдэгдэнэ.
Хиймэл оюун ухааны тооцоолон бодох дэд бүтэц
-
Freedom Holding-ийн дата төв: Тус компанийн Гүйцэтгэх захирал Тимур Турлов анхны NVIDIA B300 тооцоолон бодох кластерын захиалгыг өгч байгаа бөгөөд 2027 онд бизнес эрхлэгчид болон хөгжүүлэгчдэд зориулсан нийтийн GPU үүлэн үйлчилгээг (public GPU cloud) нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Астана дахь Акаши дата төвийн хотхоны барилгын ажил үргэлжилж байна.
-
Дата төвийн хөндий (Data Center Valley): "Казахтелеком" компанийн Гүйцэтгэх захирал Багдат Мусин Экибастуз дахь "Data Center Valley" төслийг Ж.Хуангд танилцууллаа. Засгийн газраас ХОУ-ны дэд бүтцийн чиглэлээр 10 тэрбум ам.долларын багц гэрээг зарлаад байгаа бөгөөд тооцоолон бодох системүүд нь NVIDIA технологид суурилна. Одоогоор Казахтелеком Астана, Алматы хотуудад 400 ширхэг H200 болон 480 ширхэг B300 график процессор (GPU) суурилуулаад байна.
-
Firebird-ийн хөрөнгө оруулалт: "Firebird" компани Казахстаны талтай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Тэд АНУ-аас 45,000 ширхэг Grace Blackwell GPU экспортлох тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд эхний шатны дата төвийг 2027 оны 3-р улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Боловсрол ба Стартап
Айлчлалын хүрээнд Ж.Хуанг Казахстаны стартап компаниуд болон ХОУ-ны чиглэлээр суралцаж буй оюутан залуустай уулзаж, тэдний бүтээлүүдтэй танилцлаа. Казахстаны бизнес эрхлэгч Ерзат Дулатын үүсгэн байгуулсан, Сан-Францискод төвтэй видео болон дүрс үүсгэгч "Higgsfield" ХОУ-ны компанид NVIDIA болон TCV хөрөнгө оруулалтын фирмүүд цуврал В санхүүжилтээр нэгдсэнээ зарласан байна. Айлчлал Казахстаны "Хиймэл оюун ухааны сар" хөтөлбөрийн хаалттай давхцан амжилттай өндөрлөв
ТАТАР МАЙДАР




Гадаад


