Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн шагналт Мария Корина Мачадо 10 гаруй сар цөллөгт байсны эцэст өөрийн холбоотон болох АНУ-ын оролцоотойгоор шинээр хэлбэржсэн улс төрийн орчинд эх орондоо эргэн ирлээ.
Мачадо ням гарагийн өглөө Х (хуучин Twitter) хуудсаараа дамжуулан "Би энд, та бүхэнтэйгээ хамт байна" хэмээн эргэн ирснээ зарласан бөгөөд удалгүй сөрөг хүчний бусад гишүүд түүний ирснийг нарийн мэдээлэл өгөлгүйгээр баталгаажуулсан юм. Сөрөг хүчнийхэн ням гарагт Мачадог Лара мужийн Санта Роза сүмийн гадаа үндэсний туг далбаагаа намирдуулан, баяр хөөртэйгөөр угтаж буй зургуудыг хуваалцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүний эргэн ирсэн талаар мэдэхгүй байсан ч түүнийг аюулгүй байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлэв. Трамп CNN-ийн сурвалжлагч Жулиа Бэнбрук Мачадогийн талаар асуухад "Би энэ талаар юу ч мэдэхгүй байна, гэхдээ түүнийг маш сайхан эмэгтэй гэж боддог" гээд "Тэр надад өөрийн Нобелийн шагналаа бэлэглэсэн, тиймээс би өөр юу хэлэх билээ? Түүнийг аюулгүй байгаасай гэж найдаж байна" хэмээн хариулжээ.
Мачадо өнгөрсөн оны 12 дугаар сард эх орныхоо ардчилсан эрхийг хамгаалсныхаа төлөө хүртсэн Нобелийн энх тайвны шагналаа авахаар Норвеги улсыг зорьж, Венесуэлийг орхисон юм. Түүнийг явснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа буюу 1 дүгээр сард АНУ-ын тал Венесуэлийн тухайн үеийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан билээ. Трампын засаг захиргаа Мадурогийн орлогч асан Делси Родригесийг удирдагчаар дэмжиж, тэрбээр Түр ерөнхийлөгчийн тангараг өргөн, дараа нь АНУ-д маш ашигтай нөхцөлөөр газрын тосны гэрээнд гарын үсэг зурсан байна.
Улс төрийн шинэ хэлэлцээ
Түр ерөнхийлөгч Родригес АНУ-ын Трампын засаг захиргаанаас тавьсан бараг бүх шаардлагыг биелүүлж, үүнд зуу зуун улс төрийн хоригдлуудыг суллах, АНУ-ын компаниудыг тус улсад хөрөнгө оруулахад хялбар болгох зэрэг ажлуудыг хийгээд байгаа юм.
8 дугаар сарын сүүлээр Трамп АНУ Венесуэлийн 65 тэрбум гаруй баррель баталгаат газрын тосны нөөцийн дийлэнх хяналтыг авах гэрээнд хүрснийг зарласан бөгөөд зарим шинжээчид үүнийг АНУ-ын газрын тосны салбар болон Венесуэлийн эдийн засагт харилцан ашигтай алхам гэж үзэж байна. Гэвч Мачадо өөрийн видео мэдэгдэлдээ Трампын зарласан газрын тосны гэрээнд Венесуэлийн засгийн газар яагаад гарын үсэг зурж байгааг асууж, тэднийг "хууль бус дэглэм" хэмээн шүүмжилсэн юм.
Мадурогийн засаг захиргаа 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа зарласан ч олон улсын шинжээчид уг үр дүнг статистикийн хувьд боломжгүй гэж дүгнэж байсан бөгөөд Мачадогийн улс төрийн хөдөлгөөн уг сонгуульд бодитоор ялсан гэж үздэг.
Делси Родригес НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Венесуэл улс шинэ сонгууль явуулж, бүрэн ардчилалд шилжинэ гэж амласан бөгөөд АНУ үүнийг гол зорилгоо гэж мэдэгдэж байгаа ч одоогийн түр засгийн газар сонгууль болох хугацааг хараахан зарлаагүй байна. Трамп тус улсыг сонгууль явуулахад хараахан бэлэн биш байна гэж удаа дараа мэдэгдсэн ч маш их ахиц дэвшил гарсан гэдгийг онцолжээ.
Сөрөг хүчний холбоотон Эдмундо Гонзалес Уррутиа Мачадогийн ирснийг баталж, удахгүй өөрөө ч мөн эх орондоо эргэн очиж, энэхүү ардчилсан шилжилтийн үйл явцыг удирдан чиглүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Мария Корина Мачадогийн эх орондоо эргэн ирсэн замнал
Мачадо эх орондоо заавал эргэж ирнэ гэдгээ удаа дараа амлаж байсан бөгөөд хэрэв сонгууль болбол Ерөнхийлөгчид дахин нэрээ дэвшүүлнэ гэдгээ ч цухас дурдаж байв.
Өнгөрсөн 8 дугаар сарын сүүлээр түүний ойрын хүрээллийн гол гишүүн Омар Гонзалес бараг гурван жил цөллөгт байсны эцэст эх орондоо эргэн ирсэн бөгөөд тэрбээр үүнийгээ Мачадог өөрөө ирэхийн "өмнөтгөл" хэмээн нэрлэж байжээ.
Түүний зөвлөхүүдийн мэдээлснээр, Мачадо сүүлийн хэдэн сарын хугацаанд Венесуэлд нэвтрэх гэж долоон удаа оролдсон боловч амжилт олоогүй байна.
Тэрбээр анх 6 дугаар сарын сүүлээр тус улсад гарсан хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажилд туслахаар ирэхийг оролдсон боловч засгийн газар агаарын орон зайгаа хааж, түүнийг буцаж ирэхэд нь саад учруулсан гэж мэдэгджээ.
Үүний дараа 9 дүгээр сарын сүүлээр Венесуэлийн Түр ерөнхийлөгч Делси Родригесийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк руу явсан байх хооронд Мачадо дахин оролдсон ч, ердөө ганцхан өдрийн дотор түүнийг улсын хилээр нэвтрүүлэхээс гурван ч удаа татгалзсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 9 дүгээр сарын 1-нд өгсөн мэдэгдэлдээ "Вашингтон түүнийг эх орондоо эргэж очих магадлалд санаа зовниж байгаа" гэсэн боловч түүнд "Америкийн Нэгдсэн Улсаас зөвшөөрөл авах шаардлага байхгүй" гэдгийг онцолж байжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



