Азербайжаны засгийн газраас улсын сургуулиудад хижаб өмсөхийг хориглосон шийдвэр нь тус улсад маш ховор тохиолдох олон нийтийн эсэргүүцлийн давалгааг үүсгээд байна. 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ дүрэмт хувцасны журмаар охид, эмэгтэй багш нарыг хижабтай сургуульд нэвтрэхийг хориглосон юм. Үүний улмаас Баку болон өмнөд бүс нутгуудад (Масаллы, Жэлилабад) сурагчид, тэдний гэр бүлийнхэн сургуулийн гадна жагсаж, зарим газард эмх замбараагүй байдал үүсэж, сургуулийн цонхыг хагалах, багш нартай маргалдах явдал гарчээ.
Азербайжаны Дотоод хэргийн яамнаас олон нийтийн хэв журам зөрчсөн үндэслэлээр одоогийн байдлаар 37 хүнийг баривчлаад байгаа бөгөөд жагсаал цуглааны зураг, бичлэг тархахаас сэргийлж TikTok, Instagram зэрэг сошиал платформуудын хандалтыг хязгаарлаад байна.

Азербайжан нь Үндсэн хуулиараа шашнаас ангид (секуляр) улс бөгөөд Боловсролын яамны зүгээс уг шийдвэрийг шашныг гадуурхсан хэрэг биш, ердөө сургалтын орчинд дүрэмт хувцасны нэгдсэн стандартыг сахиулж буй явдал гэж тайлбарлаж байна. Мөн цаад шалтгааныг нь Ираны зүгээс ирж болзошгүй шашны радикал үзэл нөлөөллийг хазаарлах зорилготой гэж шинжээчид үзэж байгаа юм.
Турк улстай үүссэн дипломат маргаан
Энэхүү хориг нь Азербайжаны хамгийн дотно холбоотон болох Турк улстай урьд өмнө байгаагүй дипломат маргааныг үүсгэв. Туркийн залуучууд болон эмэгтэйчүүд Азербайжаны сургуулиудад охидыг хижабтай нь нэвтрүүлэхгүй байгааг хараад 1997 оны цэргийн эргэлтийн дараа Туркт өөрсдөд нь тохиолдож байсан хижабны хориг, гадуурхлын гашуун түүхийг эргэн санаж, олон нийтийн сүлжээгээр хүчтэй эсэргүүцэж эхэлжээ. Истанбул дахь Азербайжаны консулын газрын гадаа Турк иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы ахлах зөвлөх Октай Сарал "Толгойн алчуур зүүсний төлөө сурагчдын сурах эрхийг хасах нь байж боломгүй зүйл" хэмээн Бакугийн шийдвэрийг албан ёсоор шүүмжилж, Анкарагийн зүгээс Бакуг энэ шийдвэрээ цуцална гэж найдаж байгааг илэрхийлжээ. Үүний хариуд Азербайжаны эрх баригч "Шинэ Азербайжан" нам "Хоёр улсын ойр дотно харилцаа нь Азербайжаны дотоод хэрэгт хөндлөнөөс оролцох үндэслэл болохгүй" гэж эрс няцаасан байна.
Хямрал улам гүнзгийрч, Азербайжаны тал шашны радикал уриа лоозон ашигласан, дипломат харилцаанд сэв суулгасан гэх үндэслэлээр Туркийн сөрөг хүчний парламентч Өмөр Гергерлиоглу болон "Шинэ халамж" намын дарга Фатих Эрбакан нарын зэрэг Туркийн 31 иргэнийг Азербайжан улсад нэвтрэхийг хориглож, хил дээрээс буцаажээ. Фатих Эрбакан нь өмнөх долоо хоногт Израилийн Ерөнхийлөгч Исаак Херцогийг Бакуд хүлээн авч уулзсаных нь төлөө Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевыг хүчтэй шүүмжилж байсан юм.
Шинжээч Паул Гоблын дүгнэж буйгаар, энэхүү соёлын болон шашны зөрчил нь Азербайжаны Төв Азийн орнуудтай тогтоосон харилцаа болон Барууны орнуудтай хийх геополитикийн түншлэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Гэхдээ Ерөнхийлөгч Алиев олон нийтийн эсэргүүцэл болон гадаад дарамтаас шалтгаалан өмнө нь бодлогын уян хатан зохицуулалт хийж байсан түүхтэй тул энэ удаагийн хижабны хориг бүр мөсөн үлдэх эсэх нь цаг хугацааны асуудал хэвээр байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



