Dark Light
Гадаад | 2026-10-26

ӨМНӨД СОЛОНГОСЫГ БУРУУТГАСАН ЗАХИДЛЫГ ХОЙД СОЛОНГОС НҮБ-Д ИЛГЭЭВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | AP

Сөүл явган цэргийн минаны дэлбэрэлтийг "зохиомлоор үүсгэсэн" гэж Хойд Солонгос НҮБ-д илгээсэн захидалдаа дурджээ

Өмнөд Солонгос улс 9 дүгээр сард тохиолдсон минаны дэлбэрэлтэд Пхеньяныг буруутгаж байгаа бол Хойд Солонгос энэхүү үйл явдлыг Сөүлийн 'хорлонтой саад учруулах алхам' гэж нэрлэв.

Өмнөд Солонгосын гурван цэргийг шархдуулсан явган цэргийн минаны дэлбэрэлтийг Сөүл "зохиомлоор үүсгэсэн" хэмээн буруутгасан захидлыг Пхеньян НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд (НҮБАЗ) илгээсэн тухай Хойд Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) мэдээллээ.

Хойд Солонгосоос НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч Ням гарагт НҮБАЗ-д хандаж, БНСУ-ын (Бүгд Найрамдах Солонгос Улс) зүгээс "эргэлзээтэй 'мина дэлбэрсэн хэрэг'-ийн бурууг үндэслэлгүйгээр тулгаж, өдөөн хатгалгаа үйлдсэн" хэмээн захидал бичсэн байна. Мөн тэрбээр өөрийн улсын бүрэн эрхт байдалд халдвал өөрийгөө хамгаалах хариу арга хэмжээ авахад хүрнэ гэдгийг анхааруулжээ.

Хоёр улсыг заагладаг Цэрэггүй бүсэд (Demilitarized Zone - DMZ) 9 дүгээр сарын 21-нд гарсан дэлбэрэлтийг Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосын тавьсан минатай холбон буруутгаснаас хойш талуудын харилцаа улам хурцдаад байгаа юм. Хойд Солонгос уг буруутгалыг эрс няцааж байна.

Пхеньяны НҮБ дахь төлөөлөгч мэдэгдэхдээ, минаны хэргийг "улс төрийн зорилгоор 'цэргийн халдлага' гэж нэрлэх гэсэн хорлонтой, саад учруулах алхам" гэж үзэж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын гаргасан мэдэгдлийг "Солонгосын хойгт улам бүр нэмэгдэж буй хурцадмал байдлын хариуцлагаас мултрах гэсэн ээлжит жүжиг" хэмээн буруутгав.

Захидалд дурдсанаар, Хойд Солонгосын зүгээс хилээ бэхжүүлэхээр хийж буй ажлууд нь "НҮБ-ын Дүрэмд бүрэн нийцсэн, өөрийн бүрэн эрхт байдлаа хэрэгжүүлж буй хууль ёсны бөгөөд шударга алхам" гээд, цэрэггүй бүсэд (DMZ) байгаа Хойд Солонгосын цэргүүд рүү анхааруулах буудлага хийж, дүрмийг зөрчсөн Өмнөд Солонгосын талыг шүүмжилсэн байна.

Өмнөд Солонгосын тал цэрэггүй бүс доторх Цэргийн хязгаарлалтын шугамыг (Military Demarcation Line - MDL) даван орж ирсэн Хойд Солонгосын цэргүүдийг буцаах зорилгоор анхааруулах буудлага хийдэг гэж мэдэгддэг. Сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын цэргийн бие бүрэлдэхүүн уг шугамын (MDL) ойролцоо тактикийн замууд болон хашаа барих ажлыг идэвхтэй өрнүүлж байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногт Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас НҮБАЗ-ын даргад захидал илгээж, минаны дэлбэрэлтэд Хойд Солонгосыг буруутган, үүнийг "гал зогсоох хэлэлцээрийг илтэд зөрчсөн үйлдэл" гэж нэрлэсэн билээ.

АНУ тэргүүтэй НҮБ-ын командлал мөн Хойд Солонгосын тал мина байрлуулсан нь 1953 онд Солонгосын дайны байлдааны ажиллагааг зогсоохоор байгуулсан Гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байна гэж мэдэгдсэн байна.

Хойд Солонгосыг НҮБ-д захидал илгээхээс хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас санамсаргүй мөргөлдөөн гарахаас сэргийлэх, хилийн "нарийн байршлыг харилцан баталгаажуулах" зорилгоор Пхеньяны талд цэргийн хэлэлцээ хийх санал тавиад байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10