БНХАУ-ын Шаньдун мужийн Жинань хотод “AgiBot” компанийн үйлдвэрлэсэн 110 ширхэг “Expedition A3” хүн дүрст робот нэгэн зэрэг бүжиглэж, дэлхийн рекорд тогтоожээ. Уг амжилтыг “Гиннесийн дэлхийн рекорд”-ын номд бүртгэсэн байна.
“Global Times” сонины мэдээлснээр, тус компани энэхүү үзүүлбэрээрээ олон арван роботын хөдөлгөөнийг нэгэн зэрэг удирдаж, сантиметрийн нарийвчлалтай уялдуулах зориулалттай “LinkBots” системийн боломжийг туршжээ. Үзүүлбэрийн үеэр роботууд синхрон хөдөлгөөн хийж, үсрэх, эргэх, байрлалаа өөрчлөх зэрэг үйлдлийг гүйцэтгэсэн байна.
Хятад улс хүн дүрст роботын хөгжүүлэлтээр сүүлийн үед хэд хэдэн амжилт гаргаад байгаа юм. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард “Honor” компанийн бүтээсэн робот хагас марафоныг 50 минут 26 секундэд туулж дэлхийн рекорд тогтоосон бол наймдугаар сард Бээжингийн Хүн дүрст роботын инновацын төвийн “Tiangong Ultra” робот 100 метрийн гүйлтийн төрөлд рекорд шинэчилжээ.






Гадаад



