ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын уулзалтын бэлтгэл ажил хэдийнээ эхлээд байгаа тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков "Вести" сувгийн сурвалжлагч Павел Зарубинд мэдээллээ.
"Одоогийн байдлаар Москва, Пекин, Вашингтон хотууд зарчмын хувьд уг уулзалтыг зохион байгуулахад бэлэн байгаа бөгөөд бэлтгэл ажил нэгэнт эхэлсэн гэдгийг би баттай хэлж чадна" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө The Wall Street Journal сонинд бичихдээ, Владимир Путин гурван талт уулзалт хийх санааг 10 дугаар сарын 9-ний өдөр Дональд Трамптай утсаар ярих үеэрээ дэвшүүлсэн гэж мэдээлж байв. Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, 11 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд Хятадын Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд энэхүү уулзалтыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Путин уг уулзалтаар Украины мөргөлдөөнийг Москвад ашигтай нөхцөлөөр эцэслэн шийдвэрлэхээр тохиролцохыг хүсэж байгаа ажээ.
Трампын зүгээс ийм уулзалтад оролцохын эсрэг биш байгаагаа илэрхийлсэн боловч "зөвхөн Украины асуудлыг хэлэлцэхийн тулд биш" гэдгийг тодотгосон байна. "Бид энэхүү уулзалтыг цөмийн зэвсэг болон цөмийн зэвсэглэлийг хорогдуулах асуудлыг хэлэлцэхийн тулд хийх болно" гэж Трамп хэлжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



