Самаркандын өв соёлтой холбоотой дипломат төлөөлөгчийн газруудынх нь нийтлэлээс болж Узбекистан улс Иранд эсэргүүцлийн ноот бичиг гардуулжээ.
Узбекистан улсын Гадаад хэргийн яам 10 дугаар сарын 23-ны өдөр Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас тус улсад суух Онцгой бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Али Искандариг дуудан уулзаж, Ираны дипломат төлөөлөгчийн газруудаас Самарканд хотын түүх, соёлын өвийн талаар гаргасан нийтлэлүүдэд Узбекистаны тал тууштай эсэргүүцэж байгааг илэрхийлсэн эсэргүүцлийн ноот бичиг гардууллаа. Энэ тухай Узбекистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны албан ёсны Instagram хуудсанд мэдээлсэн байна.
Ираны хэд хэдэн дипломат төлөөлөгчийн газраас Х (хуучин Twitter) олон нийтийн сүлжээнд оруулсан постын улмаас ийнхүү ноот бичиг барихад хүрчээ. Узбекистаны гадаад бодлогын байгууллагын үзэж байгаагаар, тэдгээр нийтлэлд Самаркандын соёлын өвийг "нэг талыг барьж, улс төрийн зорилгоор" тайлбарласан байна. Ташкент хотын зүгээс уг нийтлэлүүдийг устгах, цаашид ийм үйлдэл давтан гаргахгүй байх арга хэмжээ авахыг шаарджээ.
"Газета.uz" сайтын тодруулснаар, уг маргаантай нийтлэлүүдийг Иран улсаас Армени, Хятад, Зимбабве улсад суух Элчин сайдын яамд, мөн Исламын хамтын ажиллагааны байгууллагын дэргэд суух Ираны төлөөлөгчийн газар цахим хуудсандаа байршуулсан байжээ. Тэдгээр пост нь голчлон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 10 дугаар сарын 19-нд Узбекистанд хийсэн айлчлалынхаа үеэр Самаркандын алдарт Регистан талбайн өмнө бичүүлсэн дүрс бичлэгтэй холбоотой байв. Ираны дипломат төлөөлөгчийн газрын нэгэн нийтлэлд: "Таны зогсож буй энэ газар бол Персийн соёл иргэншил, архитектурын нэг хэсэг мөн" гэж бичсэн байна.

Ираны Элчин сайдтай уулзах үеэр Узбекистаны Гадаад хэргийн яамнаас Самарканд, Бухар, Хива зэрэг түүхэн хотуудын соёлын өв нь олон зууны туршид бүрэлдэж бий болсныг онцлон тэмдэглэв. Самарканд хотын түүх, соёлын өнгө төрх нь узбек ард түмний олон зуун жилийн түүх, төрт ёсны уламжлал, соёлын хөгжил дэвшлийг тод илэрхийлдэг гэдгийг тус яамнаас мэдэгдсэн байна.
Узбекистаны тал мөн дипломат төлөөлөгчийн газруудын албан ёсны эх сурвалж дээрх мэдээллүүд нь харилцан бие биеэ хүндэтгэх, итгэлцэх зарчимд нийцсэн байх ёстой бөгөөд түүх, соёлын асуудлыг улс төржүүлэхэд хүргэх ёсгүй гэдгийг заажээ.
"Узбекистан улс Ирантай тогтоосон харилцан хүндэтгэл, итгэлцэлд суурилсан харилцаагаа нандигнан үздэг. Үүний зэрэгцээ манай улс өөрийн түүх, соёлын өвийг нэг талын үзэмжээр тайлбарлах аливаа үйлдлийн эсрэг зарчмын байр сууриа хатуу хадгалах болно" гэж тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
ТАТАР МАЙДАР




Гадаад



