Пентагон нууцын зэрэглэлээс гаргасан ҮТНБ-ийн (Үл танигдах нисдэг биет) шинэ баримт бичгүүдийг дэлгэсэн бөгөөд үүнд зэвсэгт хүчнийхэн сансрын хөлгийн үлдэгдэл болон харь гарагийнхны цогцсыг хэрхэн олж авсан тухай гэрчийн цочирдом мэдүүлэг багтжээ.
Саяхан Баасан гарагт олон нийтэд ил болгосон уг тайланд, нэрийг нь нууцалсан цэргийн албан тушаалтны мэдүүлэг багтсан байна. Тэрбээр 1947 онд Нью-Мексикод болсон алдарт Розуэллийн (Roswell) ҮТНБ-ийн хэрэг явдлын үеэр биечлэн байлцсан бөгөөд "Барилга 84" (Building 84) хэмээн нэрлэгддэг ангарт хадгалагдаж байсан сансрын хөлгийг харсан гэж мэдүүлжээ.
Розуэллийн ослыг нууцалсан гэх дуулиан нь түүхэн дэх хамгийн алдартай ҮТНБ-ийн хэргүүдийн нэг юм. Тухайн үед буюу 1947 оны 7 дугаар сарын 8-ны өдөр зэвсэгт хүчнийхэн анх "нисдэг цаг" олдсон тухай мэдэгдэл гаргаж байсан ч удалгүй түүхээ өөрчлөн, уг үлдэгдлийг ердийн цаг уурын бөмбөлөг хэмээн мэдэгдэж байв.
Уг нууц гэрч нь Розуэллийн армийн агаарын хүчний баазын олон нийттэй харилцах албан тушаалтан асан Уолтер Ж. Хаут (Walter G. Haut) байх магадлалтай гэж үзэж байна. Тэрбээр тухайн жилийн 7-р сарын эхээр Нью-Мексикод осолдсон газраас өндөг хэлбэртэй хөлөг болон хэд хэдэн амьгүй цогцос олсон гэдгийг баталжээ.
"Миний биечлэн харсан зүйл бол харь гарагийн хөлөг болон түүний багийнхан байсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна" гэж гэрч 2002 онд өгсөн бөгөөд Пентагоны зүгээс нууцалж байсан мэдүүлэгтээ дурджээ.
Албан тушаалтан нэмж хэлэхдээ, уг хөлгийн үлдэгдэл болон харь гарагийнхныг харуул хамгаалалттай ангарт аваачсан бөгөөд түүнийг дотогш нэвтрүүлж харуулсан байна. Хөлөг нь ойролцоогоор 3.6-4.5 метр урт, 1.8 метр өргөн, металл гадаргуутай байжээ. Түүнчлэн ямар нэгэн цонх, далавч, сүүл эсвэл буух араа байгаагүй бөгөөд "цаас шиг нимгэн хэрнээ маш бат бөх" ер бусын металл тугалган цааснаас бүрдсэн байв.
Цогцоснуудыг даавуун брезентээр бүтээсэн байсан ч гэрчийн тайланд дурдсанаар тэдний толгой нь хэвийн хэмжээнээс том, биеийн хэмжээ нь ойролцоогоор 10 настай хүүхэдтэй адил буюу 1.2 метр орчим өндөртэй байжээ.
Энэхүү дуулиант мэдүүлэг нь Розуэллийн хэргээс хойш 55 гаруй жилийн дараа буюу 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрчийн зүгээс нууцлан зурсан баталгаат мэдэгдлээс гаралтай юм.
АНУ-ын засгийн газар Розуэллийн хэргээс хойш НЛО эсвэл харь гарагийнхан байдаг гэдгийг батлах ямар нэгэн бодит биет олдоогүй гэсэн байр суурийг хадгалсаар ирсэн билээ. Гэвч Пентагоны нууцаас гаргасан баримт бичигт үлдсэн бичвэрүүд нь 2005 онд нас барсан Хаутын өмнө нь Розуэллийн олон улсын НЛО-ын музейд үлдээж байсан албан ёсны мэдүүлэгтэй яв цав таарч байна.
Олон нийтийн анхаарлыг сарниулах төлөвлөгөө
Ил болсон баримтад дурдсанаар, 1947 оны 7 дугаар сарын 8-ны өглөөний 07:30 цагт цэргийн өндөр албан тушаалтнуудын хурал болжээ. Хурлаар Розуэллийн баруун хойд зүгт 75 милийн зайд Линкольн мужид хөлгийн хэлтэрхийнүүд олноор олдсон тухай хэлэлцсэн байна.
Гэвч үүнээс илүү чухал өөр нэгэн газар хотоос хойд зүгт 40 милийн зайд олдсон бөгөөд тэнд өндөг хэлбэртэй хөлгийн гол үлдэгдэл болон харь гарагийнхны цогцос байжээ.
"Үлдэгдлийн дээжийг хурлын ширээ тойруулан дамжуулж үзүүлсэн. Энэ бол миний амьдралдаа харж байсан ямар ч материалтай адилгүй байв. Хэн ч тэрхүү ослын хэлтэрхийг таньж чадаагүй" гэж гэрч баримт бичигт бичжээ.

Нууцаас гаргасан файлын дагуу, цэргийнхэн харь гарагийн хөлөг газардсан тухай мэдээг олон нийтэд ил болгох уу үгүй юу гэдгийг хэлэлцсэн байна. Тэдний гаргасан нэг төлөвлөгөө нь баруун хойд зүгт олдсон хэлтэрхийнүүдийг хэвлэлээр зарлаж, иргэд болон хэвлэл мэдээллийнхний анхаарлыг илүү чухал болох хойд зүгийн ослын газраас холдуулах тактик байв.
Ингээд 7-р сарын 8-ны 09:30 цагийн орчимд баазын командлагч, хурандаа Уильям Бланшар (William Blanchard)-ын даалгавраар хэвлэлийн мэдээ бэлтгэж, "нисдэг цаг" олдсон бөгөөд түүнийг Техас дахь цэргийн төв штаб руу шинжилгээнд илгээхээр болсон тухай зарлажээ. Тэнд алдарт гэрэл зурагт металл материал барин зогсож буй хошууч Жессе Марсель (Jesse Marcel) байсан бөгөөд цэргийнхэн хожим нь түүнийг цаг уурын шаар байсан хэмээн сольж харуулсан гэж мэдүүлсэн байна.
2026 оны шинэ ҮТНБ-ийн зургууд болон "Warp Drive" судалгаа
Пентагоны энэхүү Баасан гарагт гаргасан ҮТНБ-ийн баримтын долоо дахь цувралд, энэ онд (2026 онд) АНУ-ын баруун бүсийн уулархаг нутгаар нисэж өнгөрсөн нууцлаг биетийн шинэ зургууд давхар багтжээ.
Холбооны мөрдөх товчооны (FBI) хоёр тусгай төлөөлөгчийн тэмдэглэснээр, уулын бүс дэх нууц ажиглалтын цэгээс хар өнгийн гурвалжин хэлбэртэй биетийг дулааны камераар илрүүлсэн байна. Уг биетийн далавчны уртыг 3-4.5 метр орчим гэж тооцоолсон бөгөөд хамгийн хачирхалтай нь дулаан мэдрэгч камерт ямар нэгэн хөдөлгүүрийн халалт болон утаа, хийн хаягдал илрээгүй нь хүний гараар бүтээгдсэн хөлгүүдээс огт өөр байв.
Мөн материалуудаас үзэхэд, Пентагоны цэргийн тагнуулын алба хувийн судалгааны "Bigelow Aerospace Advanced Space Studies" (BAASS) компанид олон сая долларын санхүүжилт олгож, ирээдүйн футурист технологиудыг судалж байсан нь ил болжээ. Эдгээр төслүүд дунд металл шил гаргаж авах, гэрлийн хурднаас хурдан аялах боломжтой "Warp Drive" онол, биетийг үл үзэгдэгч болгох "Cloaking" төхөөрөмж болон лазер зэвсэг бүтээх судалгаанууд багтаж байсан байна.
Тус компани 2050 он хүртэлх гадаад улс орнуудын зүгээс ирж болох сансрын технологийн заналхийллийг судлах удирдамждаа: "АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна хэд хэдэн шинэ төрлийн сансрын хөлөг 'осолдсон' гэдэг нь гэрчийн мэдүүлгүүдээр батлагдсан. Бидний гол анхаарах асуудал бол бусад орнууд эдгээр хөлгийн техникийн талуудыг хэр зэрэг түрүүлж ойлгож, хуулбарлан хөгжүүлж чадсан бэ гэдэгт оршиж байна" гэж тэмдэглэжээ.
ТАТАР МАЙДАР





Гадаад



