АНУ-д амьдардаг 96 настай Лиллиан Дрониак “TikTok” платформд 15 сая дагагчтай болж, цахим орчинд алдаршжээ. Тэрбээр өдөр тутмын амьдрал, болзоо, найз бүсгүйчүүдтэйгээ зугаацаж буй бичлэгээ хуваалцаж, харилцааны талаар зөвлөгөө өгдөг байна. Цахим сүлжээн дэх нэр хүнд нь түүнд Коннектикут мужийн асрамжийн газарт амьдрах сарын 10 мянган ам.доллараас давсан төлбөрөө өөрөө төлөх боломж олгодог аж.
Дрониак саяхан найз бүсгүйчүүдтэйгээ шуугиантай үдэшлэг зохион байгуулсныхаа улмаас асрамжийн газраас хөөгдөх анхааруулга авчээ. Харин тэрбээр “Хэн ч намайг зугаацахыг хориглож чадахгүй” хэмээн хариулсан байна. Улмаар байгууллагын удирдлагатай тохиролцоонд хүрч, үдэшлэг зохион байгуулахыг зөвшөөрсөн ч өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ.
BBC-ийн мэдээлснээр, Дрониак гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг томоохон компаниудтай байгуулсан сурталчилгааны гэрээнээс орлого олдог байна. Тэрбээр орлогынхоо тодорхой хэсгийг ач, зээгийнхээ боловсролд зориулан хадгалдаг аж. Бичлэгээ хийх, эвлүүлэхэд нь заримдаа ач, зээ нь тусалдаг ч санааг нь өөрөө олдог байна.
“Амжилтад хүрэхэд шаардлагатай бүх зүйл надад бий гэдгийг би үргэлж мэддэг байсан. Гагцхүү энэ бүхэн 90 нас хүрсний дараа тохиолдоно гэж бодоогүй” хэмээн Дрониак ярьжээ.





Гадаад



