АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад зохион байгуулагдах гэж буй сонгуулийн булхай, луйврын талаар бодит мэдээлэл өгсөн бөгөөд тэрхүү мэдээлэл нь буруутнуудыг баривчлах, ял онооход хүргэсэн тохиолдолд 1 сая хүртэлх ам.долларын мөнгөн шагнал олгохоо албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү алхам нь АНУ-ын улс төрийн тавцанд сонгуулийн шударга байдлын асуудлыг дахин гол сэдэв болгон гаргаж ирж байна.
Ерөнхийлөгч Трамп өөрийн үүсгэн байгуулсан "Truth Social" олон нийтийн сүлжээндээ оруулсан постдоо, энэхүү мөнгөн шагнал нь түүний хэлж буйгаар сонгуулийн үйл ажиллагаанд гардаг манипуляци, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох, мэдээлэл цуглуулах зорилготой болохыг дурджээ. Ирэх 11 дүгээр сарын 3-нд болох АНУ-ын конгрессын завсрын сонгуулиар Бүгд найрамдах нам болон Ардчилсан намууд суудлын төлөө маш ширүүн өрсөлдөх бөгөөд сонгуулийн санал хураалтын журам, аюулгүй байдлын талаар талууд маргаантай хэвээр байгаа үед энэхүү мэдэгдэл гарч байна.
Гэвч Трампын зүгээс уг шагналын хөтөлбөрийг ямар байгууллага хариуцан хянах, ирсэн мэдээллүүдийг хэрхэн шалгаж баталгаажуулах, санхүүжилтийг хаанаас гаргах болон шагналыг ямар шалгуураар олгох зэрэг нарийн механизмуудыг хараахан тодорхойлоогүй байна. Энэхүү шийдвэр нь АНУ-д сонгуулийн хяналтыг нам бус, хараат бус байдлаар хэрэгжүүлж чадах уу гэдэг дээр хууль зүйн болон улс төрийн шинэ маргааныг өрнүүлж эхэллээ.
ТАТАР МАЙДАР






Гадаад




