Иран улс болон саяхан "Меккагийн хамтын батлан хамгаалах гэрээ"-нд гарын үсэг зурсан Саудын Араб, Турк, Пакистан улсын өндөр түвшний төлөөлөгчид Тегеран хотноо уулзаж, Ойрх Дорнодын хямралыг намжаах, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэн тууштай хөгжүүлэхээр тохиролцлоо. Энэхүү дөрвөн талт уулзалт нь АНУ-Израилийн зүгээс Иранд дахин цохилт өгөх эрсдэл нэмэгдэж, нөгөө талаас Йемений Хусит хөдөлгөөн Саудын Арабын нутаг дэвсгэр рүү пуужин, дроноор довтлох ажиллагаагаа идэвхжүүлсэн маш эгзэгтэй үед зохион байгуулагдсанаараа онцлог юм.
Уулзалтыг Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи даргалсан бөгөөд Саудын Арабын Батлан хамгаалахын сайд, хунтайж Халид бин Салман, Пакистаны армийн командлагч Асим Мунир, Туркийн Үндэсний тагнуулын байгууллагын (MIT) дарга Ибрахим Калын нар оролцсон байна. Мөн Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Ираны талын мэдээлснээр, уулзалтын гол үзэл баримтлал нь Ойрх Дорнодын аюулгүй байдлыг гадны гүрнүүдийн оролцоогүйгээр бүс нутгийн улс орнууд өөрсдөө бие даан хариуцах цогц бүтцийг бий болгоход чиглэсэн байна.
Пакистаны талын эх сурвалжийн мэдээлснээр, уулзалтын үеэр бүс нутгийн хэмжээнд "бие биедээ үл довтлох" хамтын ажиллагааны сүлжээ байгуулах, АНУ болон Ираны зөрчилдөөнийг намжаахад Катар, Пакистан улсууд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх зэрэг практик саналуудыг хэлэлцжээ. Энэхүү уулзалттай зэрэгцэн Египетийн парламент Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сисид Саудын Арабын бүрэн эрхт байдал, ариун газруудыг гадны халдлагаас хамгаалахад нь зориулж батлан хамгаалах шаардлагатай бүх арга хэмжээг авах эрхийг албан ёсоор олгосон байна.
Хэдийгээр энэ удаагийн анхны уулзалтаар батлан хамгаалах тодорхой нэгдсэн гэрээ байгуулаагүй ч, АНУ-ын зүгээс Иранд шахалт үзүүлж буй энэ үед Ойрх Дорнод болон Өмнөд Азийн гурван том гүрэн Тегеранд хүрэлцэн ирж, дипломат сувгийг нээлттэй үлдээж чадсан нь бүс нутгийн геополитикт маш том эерэг уур амьсгалыг авчирлаа хэмээн ажиглагчид дүгнэж байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад




