АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва нарын дунд улс төрийн үзэл суртал, хувийн холбоо харилцаа болон сонгуулийн тогтолцоонд хандах хандлагын том зөрүү байдаг бөгөөд үүнээс үүдэн Трамп түүнд тааламжгүй ханддаг байна. Мөн Трамп Бразилын барууны үзэлтэй ерөнхийлөгч асан Жаир Болсонару болон түүний хүү Флавиу Болсонару нарыг хүчтэй дэмждэг. Жаир Болсонаруг олон улсад "Халуун орны Трамп" гэж нэрлэдэг байсан бөгөөд Трампын засаг захиргаа тэднийг эргэн засаглалд гаргахыг далд аргаар дэмжиж байсан түүхтэй. Тиймээс Трамп өөрийнх нь холбоотныг ялсан Лулад дургүй байх нь улс төрийн логик юм.
Трамп өөрөө АНУ-ын 2020 оны сонгуульд ялагдахад "будлиан орсон" гэж үзэж байсан шиг, Лулаг ялахад мөн адил "будлиантай, хууль бус сонгууль боллоо" гэж баримтгүйгээр шууд мэдэгдсэн. Тэрээр Лулагийн ялалтыг хүлээн зөвшөөрөх нь өөрийнх нь баримталдаг "сонгуулийн системүүд найдваргүй" гэх улс төрийн байр суурийг сулруулна гэж үздэг.
Лула да Силва Дональд Трампыг тууштай шүүмжилж, түүний бодлого, хандлагыг эрс эсэргүүцдэг. Тэдний дунд хувийн болон улс төрийн гүнзгий зөрчилдөөн байдаг бөгөөд Лулагийн зүгээс Трампыг дараах шалтгаануудын улмаас буруутгаж, шүүмжилсээр ирсэн байдаг. Нэгдүгээрт Лула Трампыг Бразилын дотоод хэрэг, сонгуульд хөндлөнгийн оролцоо хийхийг оролдсон гэж үздэг. Тэрээр саяхан сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ "Бразил улс хэний ч "арын хашаа" (нөлөөллийн бүс) болохгүй" хэмээн АНУ болон Трампад хаяглан хатуу мэдэгдсэн юм. Хоёрт, Лула нэгэн ярилцлагадаа Трампыг "АНУ-ыг удирдах гэж сонгогдсон болохоос биш, дэлхийг захирах гэж сонгогдоогүй" хэмээн эрс шүүмжилж байв. Тэрээр Трампын олон улсын харилцаанд хүч хэрэглэх, бусад улсын тусгаар тогтнолыг үл хүндэтгэх хандлагыг нь "аюултай тоглоом" гэж тодорхойлсон билээ. Гутгаарт, Трампын засаг захиргаанаас Бразилын бараа бүтээгдэхүүнд 50%-ийн өндөр тариф ногдуулахаар заналхийлж байсныг Лула "хүлээн зөвшөөршгүй балмад сүрдүүлэг" гэж нэрлэж байсан юм. Тэрээр үүнийг Трампын зүгээс Болсонаруг хамгаалж, Бразилын шүүх засаглалын шийдвэрт нөлөөлөх гэсэн улс төрийн шахалт гэж үзсэн билээ.
Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Даваа гарагт мэдэгдэл хийхдээ, Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд зүүний хүчний одоогийн төрийн тэргүүн Луис Инасиу Лула да Силва гэнэтийн ялалт байгуулсан нь "ээлжит будлиантай сонгууль шиг харагдаж байна" гэжээ. Гэвч үүний дараахан ялагдал хүлээсэн барууны үзэлтэй нэр дэвшигч Флавиу Болсонаругийн нам сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн байна.
Ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн хүү Флавиу Болсонару Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр шатны санал хураалтад ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байсан юм. Дээд шүүхээс санал хураах хугацааг хоёр цагаар сунгасны дараа тэрээр Лулагийн ялалтыг хүчингүйд тооцуулахыг хичээнэ гэж мэдэгдэж байв.
Гэвч Даваа гарагийн орой Болсонаругийн Либерал нам (PL) намын дарга Валдемар Коста Нетогийн гарын үсэгтэй мэдэгдэл гаргаж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийллээ. Коста Нето "Бид ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хөндөгдсөн асуудлуудыг зүй ёсоор тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна" хэмээжээ.
Намынх нь мэдэгдлээс хойш олон нийтэд хандаж ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа Болсонару Даваа гарагийн өглөө гэрээсээ зугтах төлөвлөгөөгүй байгаагаа үгүйсгэж, гэрийн хорионд байгаа аавдаа очсоныхоо дараа гадаад паспортоо хураалгах холбооны цагдаагийн тушаалыг дагана гэж хэлсэн байна.
Трамп сонгуулийн өмнө Болсонаруг ил тод дэмжээгүй ч АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтнууд Болсонаругийн гэр бүлийг эргэн засаглалд гаргах ажиллагааг удирдсан гэж Ройтерс агентлаг мэдээлж байсан юм. Трамп сэтгүүлчдэд "Би аль нэг талыг бариагүй, гэхдээ энэ нь ээлжит нэгэн будлиантай сонгууль шиг харагдсан. Надад маш муухай санагдсан" гэж ямар нэгэн баримт нотолгоо дурдалгүйгээр ярьжээ.
Болсонару Лулагийн эсрэг 4 сая гаруй саналын зөрүүгээр ялагдсан тул энэ үр дүнг өөрчлөх нь түүний хувьд маш хэцүү байх болно. Инспер институтийн профессор Педро Бургосын сонгуулийн баримт бичигт хийсэн дүн шинжилгээгээр Дээд шүүхээс сунгасан нэмэлт хоёр цагийн хугацаанд 35,000 хүрэхгүй санал буюу нийт саналын ердөө 0.03 хувь нь хураагдсан байна.
Трамп "Би зүгээр л сонгуулийн санал тоолсон хэлбэр нь маш муухай харагдсан гэж бодож байна. Олгосон хугацааны сунгалт маш хачирхалтай байсан" гэжээ.
Үүний хариуд Дэд ерөнхийлөгч Жералду Алкмин Бразилын сонгуулийн тогтолцоог хамгаалж, Трампын хэлсэн үг "туйлын буруу" бөгөөд "үндэслэлгүй" болохыг телевизийн ярилцлагадаа онцолсон байна.
Трамп болон Жаир Болсонару нарын хэн нь ч 2020 болон 2022 оны сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй юм. Бразилын ерөнхийлөгч асан Жаир Болсонару Лулад ялагдсаныхаа дараа төрийн эргэлт хийхээр хуйвалдсан хэргээр 27 жилийн хорих ял сонсоод байгаа билээ. Аналитикийн мэргэжилтнүүд Флавиу Болсонаруг 2022 онд аавынхаа үүсгэсэн шиг ардчиллын эсрэг хүчтэй хөдөлгөөн өрнүүлж чадна гэж үзэхгүй байна.
Лулагийн ялалт зах зээлийг савлуулав
Дэлхийн удирдагчид Лулаг түүхэндээ дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь аль хэдийн баяр хүргээд байна. Харин Болсонаруг ялна гэж бооцоо тавьж байсан хөрөнгө оруулагчид үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
Бразилын мөнгөн тэмдэгт болох реал ам долларын эсрэг 8.1%-иар унасан нь 2002 оноос хойших нэг өдрийн хамгийн том уналт болсон бол хөрөнгийн бирж 2020 оноос хойших хамгийн огцом нэг өдрийн уналтыг тэмдэглэлээ.
Pantheon Macroeconomics-ийн Латин Америкийн ахлах эдийн засагч Андрес Абадиа "Эхний санал хураалтын дараах худалдах давалгаа намжиж болох ч хөрөнгө оруулагчид дахин хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө төсвийн найдвартай амлалтуудыг шаардах болно" гэж хэлжээ.
Лулагийн ялалт нь урьдчилсан таамаглал, өмнөх жишээнүүд болон дэлхий даяар өрнөж буй одоогийн засаглалыг эсэргүүцэх хандлагыг сөрж, Латин Америк даяар өрнөж байсан барууны хүчний ялалтын давалгааг зогсоолоо. Тэрээр эхний шатанд Болсонаругийн ард хоцорч байсан ч хоёр дахь шатны санал хураалтад сонгогчдыг өөртөө татаж чадсан юм. Сонгуулийн шинжээчид сонгогчдын ирц хүлээгдэж байснаас өндөр байсан бөгөөд нийгмийн сүлжээний үр дүнтэй ажиллагаа Лулаг ялалтад хүргэсэн гэж үзэж байна.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Лула ядуурал, тэгш бус байдлыг бууруулж байсан өмнөх амжилтуудаа дурдаж, ажилгүйдэл, бичиг үсэг үл мэдэх явдал болон ойн хомсдолыг түүхэн доод түвшинд хүргэснээ онцолж байсан ч түүний дөрөв дэх бүрэн эрхийн хугацаа тийм ч амар байхгүй болов уу.
Ерөнхий сонгуулийн эхний шатанд консерватив сонгогчдын идэвхжил нэмэгдсэнээр Бразилын хууль тогтоох байгууллага барууны чиглэл рүү илүү хазайсан бөгөөд Болсонаругийн холбоотнуудаар дүүрсэн Конгресст Лула өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд ширүүн тэмцэлтэй тулгарах болно.
ТАТАР МАЙДАР






Гадаад




