Оросын дизель түлшний нийлүүлэлттэй холбоотой АНУ-ын газрын тосны салбарт өгсөн ээлжит сануулга гарлаа.
Трамп-Путины хэлэлцээрийн эсрэг АНУ-ын Конгрессын дараалсан сануулга: Компаниуд эрүүгийн хариуцлага хүлээх үү?
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кремлийн эрх баригчидтай дизель түлш нийлүүлэх тусгай хэлэлцээр байгуулж, Сангийн яамнаас "General License No. 135" гэх хоригоос чөлөөлөх зөвшөөрлийг гаргасан нь АНУ-ын хууль тогтоох байгууллага болох Конгрессын зүгээс маш ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байна. АНУ-ын Конгрессын зүгээс тус улсын газрын тосны салбар, банк санхүү болон логистикийн компаниудад хандан Оросын түлшийг импортлохгүй байхыг шаардсан цуврал анхааруулгуудыг толилуулъя.
1. Боомт болон банкуудад өгсөн анхны сануулга: "Мөрдөн шалгах ажиллагааны гол объект болно"
Ардчилсан намын хууль тогтоогчид хамгийн түрүүнд АНУ-ын томоохон банкууд болон далайн боомтын захиргаадад албан бичиг илгээж, Оросын дизель түлшний тээвэрлэлттэй холбоотой бүх санхүүгийн болон логистикийн баримт бичгийг устгалгүй хадгалахыг шаардсан байна. Тэд захидалдаа:
-
"Оросын дизелийг АНУ-д импортлох аливаа тохиолдол нь эрх зүйн маш ноцтой асуудлуудыг үүсгэх бөгөөд шүүхийн засаглал болон Конгрессын мөрдөн шалгах ажиллагааны гол объект болох болно" гэж анхааруулсан юм.
-
Мөн энэхүү хэлэлцээр нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд шууд эрсдэл учруулж байгааг сануулжээ.
2. Хоёр намын Сенатуудын хамтарсан байр суурь: "Дарангуйлагч Путинд өгсөн бэлэг"
Үүний дараахан Ардчилсан болон Бүгд найрамдах намын 12 сенатор нэгдэн Трампын засаг захиргаанд шаардлага хүргүүлсэн байна. Сөрөг хүчин төдийгүй Ерөнхийлөгч Трампын өөрийнх нь намын гишүүд багтсан уг бүлэг мэдэгдэлдээ:
-
"Энэхүү хэлэлцээр бол манай дайсанд өгсөн бэлэг, харин холбоотнуудаас маань урвасан хэрэг бөгөөд үүнийг нэн даруй цуцлах ёстой" хэмээн эрс шүүмжилсэн байна.
-
Тэд Трампыг Конгрессоос 2022 онд баталсан Оросын эрчим хүчний импортыг бүрэн хориглох тухай хуулийг (Ending Importation of Russian Oil Act) зөрчсөн гэж буруутгаж, Путиныг "дарангуйлагч" хэмээн шууд тодорхойлжээ.
3. Хууль эрх зүйн хаалт: "Рональд Рейганы Хүчээр тогтоох амар амгалангийн тухай хууль"
Шахалтыг улам чангаруулж, Бүгд найрамдах намын конгрессмен Брайан Фицпатрик "Рональд Рейганы Хүчээр тогтоох амар амгалангийн тухай хууль" (Ronald Reagan Peace Through Strength Act of 2026) хэмээх хуулийн төслийг өргөн барив. Уг төслөөр Трампын Сангийн яаманд олгосон хоригоос чөлөөлөх эрхийг бүрмөсөн хязгаарлаж, Оросын түлшийг худалдан авах, тээвэрлэх, буулгах бүх үйлдлийг хуулиар хаахыг зорьж байна.
4. Эцсийн хатуу анхааруулга: Жейми Раскины захидал ба "Газрын тосны салбарын хариуцлага"
Энэхүү дараалсан шахалтын хамгийн сүүлийн бөгөөд хамгийн хүчтэй цохилтыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооны тэргүүлэх гишүүн Жейми Раскин (Мэрилэнд мужаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн) хийлээ. Ирэх долоо хоногийн сонгуулиар Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болбол тус нөлөө бүхий хороог даргалах хүлээлттэй байгаа тэрээр Америкийн газрын тосны институт (API) болон Америкийн түлш, нефть химийн үйлдвэрлэгчдийн холбооны (AFPM) удирдлагуудад хаяглан албан ёсны захидал илгээжээ.
Раскин захидалдаа хуулийн заалтуудыг шууд тулган сануулсан байна:
-
"Ерөнхийлөгч Трампын Кремльтэй байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Оросын дизель түлшийг ганцхан баррелийг ч болохтугай импортолбол газрын тосны компаниуд өөрсдөө хариуцлага хүлээх болно."
-
Ерөнхийлөгчийн гаргасан тусгай лиценз нь компаниудыг АНУ-ын үндсэн хууль, хоригийн заалтуудын өмнөх иргэний болон эрүүгийн хариуцлагаас хамгаалж чадахгүй гэдгийг тэрээр онцолжээ.
-
Энэхүү схемд оролцсон тохиолдолд компаниуд 1 сая доллар хүртэлх торгууль хүлээж, удирдлагууд нь 20 хүртэлх жилээр шоронд хоригдох эрүүгийн ял авах хуулийн заалттайг хатуу сануулсан байна.
Захидлын өөр нэг хуулбарыг АНУ-ын Худалдааны танхимын тэргүүнд хүргүүлсэн бөгөөд энэ нь ирэх долоо хоногийн сонгуулийн үр дүнгээс үл хамааран Конгресс Оросын эрчим хүчний импортын эсрэг тууштай зогсож, салбарынхныг эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулсан эцсийн сануулга болж байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад




