АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд Трамп Жүүниор (Donald Trump Jr.) энэ зун Монголын алслагдсан бүс нутаг дахь ангийн баазад Кремльтэй нягт холбоотой Оросын бизнесмэн Умар Кремлевтэй хамт хоёр хоногийг өнгөрүүлсэн тухай Financial Times (FT) сонин мягмар гарагт мэдээллээ.
Умар Кремлев нь өмнө нь Трамп Жүүниорын Карибын тэнгисийн хувийн арал дээр болсон хуримын зардлыг хэсэгчлэн санхүүжүүлсэн болох нь илэрч байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хожим нь хүүгээ уг зардлыг буцааж төлсөн хэмээн мэдэгдэж байсан юм.

Нислэгийн бүртгэл болон нутгийн хөтөч нарын мэдээлснээр, тэдний энэхүү уулзалт Баруун Монголд болсон байна. Трамп Жүүниорыг зэрлэг ан амьтан агнахаар ирэхэд АНУ-ын Нууц албаны (Secret Service) хамгаалалтын баг дагалдаж явжээ. Олон улсын боксын холбооны (IBA) тэргүүн У.Кремлев Казахстан дахь боксын хэвлэлийн бага хурлаас хувийн тийрэлтэт онгоцоор Улаанбаатарт бууж, улмаар Трамп Жүүниорын байрлаж байсан ангийн бааз руу шууд очсон байна.
Аяллын багт байсан нутгийн нэгэн иргэний мэдээлснээр, Трамп Жүүниор болон Кремлев нар хамтдаа зураг авахуулахаас ихэд болгоомжилж байжээ. Мөн Трамп Жүүниорын Монголд хийсэн уг ангийн аяллыг ерөнхийлөгчийн хүүтэй уулзах эрхийг 140,000 ам.доллар хүртэлх үнээр авсан ялагчдын буяны дуудлага худалдаанаас хэсэгчлэн санхүүжүүлсэн байна.
АНУ-ын сөрөг тагнуулын ажилтан асан зэрэг шинжээчдийн үзэж байгаагаар, Америкийн ерөнхийлөгч нарын төрөл төрөгсөд болон Кремльтэй холбоотой хүмүүсийн хоорондын хувийн харилцаа нь аюулгүй байдлын ноцтой эрсдэл дагуулдаг байна. Умар Кремлев нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамгаалалтын албаны дарга Алексей Рубежныйтэй холбоотой тул Украины хоригт багтсан байдаг аж.
Үүний хариуд Трамп Жүүниорын хэвлэлийн төлөөлөгч тэдний нөхөрлөл нь ан гөрөө, загасчлал, байгаль дэлхийд хайртай нийтлэг сонирхолд нь тулгуурласан гээд “Дон, Умартай бизнес бус хувийн харилцаатай гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тэд хамтдаа ан хийхээр явсан нь гайхах зүйл биш” хэмээн тайлбар өглөө.
Бас өмнө нь түүнийг Дональд Трамп Жүүниорын (Donald Trump Jr.) хуримаа хийсэн хувийн арлын түрээсийн төлбөрийг санхүүжүүлсэн тухай мэдээлэл цацагдаж байсан билээ.
Оросын спортын зүтгэлтэн, олигарх Умар Кремлёв нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жүүниорын (Donald Trump Jr.) хуримаа хийсэн хувийн арлын түрээсийн төлбөрийг санхүүжүүлсэн тухай эрэн сурвалжлах «ProPublica» платформ мэдээлж байсан юм. Багамын арлуудад болсон уг хуриманд ОХУ-ын олон тооны иргэд хүрэлцэн ирсэн байна.
Олон улсын боксын холбооны (IBA) тэргүүн, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд ойр гэгддэг Умар Кремлёв нь 2026 оны тавдугаар сард болсон Трамп Жүүниор болон модель Беттина Андерсон нарын хуримын ёслолын фейерверк (салют) болон хувийн арлын түрээсийн зардлыг даажээ. Хуримын ёслолд 50 орчим зочид оролцсоны дотор Цагаар ордны тэргүүний өөр нэгэн хүү Эрик Трамп болон АНУ-ын Ерөнхийлөгчийн Украины энхийн зохицуулалтын тусгай элчээр томилогдсон хүргэн ах Жаред Кушнер нар байсан юм.
Англиар бараг ярьдаггүй IBA-ийн тэргүүнээс гадна ОХУ-аас олон тооны зочид ирсэн бөгөөд тэдний дунд Оросын батлан хамгаалах, эрчим хүчний салбарт ажиллаж байсан «ЕСК» группийн дэд захирал Александр Лагутин болон Кремлёвын баруун гар болох Елена Соболь нар байжээ. Эрэн сурвалжлагчдын олж тогтоосноор, хэдэн зуун мянган ам.долларын уг төлбөрийг IBA холбооны санхүүгийн гүйлгээндээ ашигладаг Дубай дахь байгууллагаар дамжуулан шилжүүлсэн байна.
Трамп Жүүниор Кремлёвын тусалсаныг баталлаа
АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү хуримын санхүүжилтийн талаарх мэдээллийг нуугаагүй бөгөөд түүний хэвлэлийн төлөөлөгч У.Кремлёвыг хүүгийнх нь хувийн найз, тэдний дунд ямар нэгэн бизнесийн харилцаа байхгүй гэж мэдэгдэв. Мэдээлэл цацагдсаны дараа Дональд Трамп Жүүниор болон түүний эхнэр Беттина Трамп нар өөрсдийн Инстаграм хуудсаараа дамжуулан Умар Кремлёв хуримын баярт нь тусалсныг баталсан юм. Тэд мэдэгдэлдээ: «Манай эрхэм найз Умар бидэнд зориулж гайхалтай хоёр үдшийн баярыг маш өгөөмрөөр зохион байгуулж өгсөн. Харамсалтай нь, ийм хувийн бөгөөд баярт үйл явдлыг зөвхөн тэр хүний хэн бэ гэдэг эсвэл хаанаас гаралтайгаас нь болж улс төржүүлж, сэжигтэй мэтээр харуулахыг оролдож байна. Найз нөхөрлөлд заавал улс төрийн сэдэл байх албагүй» хэмээжээ.

Умар Кремлёв гэж хэн бэ?
Умар Кремлёвын удирддаг Боксын холбооны гол ивээн тэтгэгч нь Оросын төрийн өмчит «Газпром» компани юм. Тэрээр Олон улсын олимпын хорооны (МОК) зөвлөмжийг зөрчиж, 2022 онд Орос, Беларусийн тамирчдыг улсынхаа туг дор тэмцээнд оролцохыг зөвшөөрснөөс хойш тус холбоо Олимпын хорооны хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтаас хасагдсан байна. Оросын эрэн сурвалжлах «Проект» хэвлэлийн 2024 оны мэдээллээр, Тажикистан гаралтай Умар Кремлёв нь 2010 он хүртэл Лутфуллоев гэх овогтой байсан бөгөөд өмнө нь эд хөрөнгө нэхэж дарамталсан (2004) болон бусдын биед халдсан (2007) хэргээр хоёр удаа ял шийтгүүлж байжээ. Мөн тэрээр Путины хамгаалалтын албаны даргын дэмжлэгээр Оросын авто дилер «Рольф» компанийг төрийн өмчид шилжүүлэн авч, бооцооны бизнесээс ашиг олдог гэгддэг байна.
ТАТАР МАЙДАР





Гадаад




