Dark Light
Гадаад | 2026-10-28

ДОНАЛЬД ТРАМП ВЕНЕСУЭЛИЙГ АНУ-ЫН 51 ДЭХ МУЖ БОЛГОХ САНАЛ ДЭВШҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Техас мужийн Корпус Кристи боомтод Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийг дэмжих сонгуулийн цуглаанд оролцох үеэрээ газрын тосоор баялаг Венесуэль улсыг Америкийн 51 дэх муж болгох санааг цугласан олонд хандан хэллээ. 

Трамп индэр дээрээс боомтод зогсож буй танкер хөлөг онгоцыг зааж, “Тэр гадаа байгаа жижиг хөлгийг харж байна уу? Үүн дээр Венесуэлиэс ирсэн 1 сая торх газрын тос байна. Бид түүхэн дэх газрын тосны хамгийн том ялалтыг тэмдэглэж байна. Олз омог зөвхөн ялагчид хамаардаг (To the victor belong the spoils), тийм биз дээ?” хэмээн АНУ-ын татвар төлөгчдөд ямар ч зардал гаргалгүйгээр тус тосыг авч ирж байгааг сайрхсан байна. 

Улмаар тэрээр цааш үргэлжлүүлэн: “Венесуэль удахгүй цэцэглэн хөгжсөн орон болно, хэн мэдэх вэ, магадгүй тун удахгүй АНУ-ын чинээлэг 51 дэх муж ч болж магадгүй. Энэ бол боломжтой зүйл. Үүнийг хийцгээе (Let's make it). Венесуэлийг 51 дэх муж болгоё. Тэгээд ерөнхийлөгчийн оронд тэнд амбан захирагчийн (губернатор) сонгууль явуулдаг болъё. Танд ямар сонсогдож байна?” гэж хэлсэн нь цугласан олны алга ташилтыг дагууллаа.

Мадурог баривчилсан түүхэн үйл явдал

Ерөнхийлөгч Трамп энэхүү мэдэгдлийг хийхдээ энэ оны эхээр буюу 2026 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын зэвсэгт хүчний Венесуэльд явуулсан цэргийн тусгай ажиллагааг (Operation Absolute Resolve) сануулсан юм. Тухайн үед АНУ-ын тусгай хүчин Каракас хот дахь ерөнхийлөгчийн өргөө рүү дайрч, Венесуэлийн дарангуйлагч Николас Мадуро болон түүний гэргий Силиа Флорес нарыг хүчээр баривчлан АНУ-д авчирсан билээ. 

Одоогийн байдлаар Николас Мадуро болон түүний эхнэр Нью-Йорк хотын холбооны шоронд хар тамхины наймаа, зэвсгийн хэрэг болон нар ко-терроризмын хэргээр шүүгдэж байгаа бөгөөд тэд өөрсдийгөө буруугүй гэж мэдэгдсээр байгаа юм. 

Олон улсын эрх зүйн маргаан

Трампын засаг захиргаа Венесуэлийн газрын тосны асар их нөөцийг (65 тэрбум гаруй торх) АНУ-ын хяналтад авснаа "дэлхийн түүхэн дэх хамгийн том эрчим хүчний хэлэлцээр" гэж нэрлэж байгаа хэдий ч олон улсын хуульчид болон шинжээчид үүнийг НҮБ-ын Дүрэм болон тусгаар тогтносон улсын бүрэн эрхт байдлыг бүдүүлгээр зөрчсөн, олон улсын эрх зүйг уландаа гишгэсэн аюултай жишиг гэж эрс шүүмжилж байна. Мөн Хятад, Орос зэрэг орнууд Мадурог хууль бусаар баривчилсныг буруутгаж, яаралтай суллахыг шаардсан хэвээр байгаа юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08