Dark Light
Гадаад | 2026-10-29

ПЕНТАГОНЫ ТООЦООЛЛООР АНУ-ЫН ИРАНЫ ДАЙНЫ ЗАРДАЛ 60 ТЭРБУМ ГАРУЙ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Getty/handout via U.S. Navy

Монгол Улсын нэг жилийн хугацаанд үйлдвэрлэж буй бүх баялаг буюу ДНБ нь ойролцоогоор 19-20 тэрбум ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл, АНУ-ын энэ дайны зардал нь манай улсын 3 жилийн ДНБ-тэй тэнцэж байна гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал АНУ-ын Иранд хэдхэн сар дайн хийсэн зардал нь Монгол Улсын 3.5 сая иргэний бүтэн 3 жилийн турш хийж бүтээсэн бүх зүйл, эсвэл улс даяараа 8 жилийн турш эмнэлэг, сургууль, цалин, тэтгэвэрт зарцуулдаг бүх мөнгөтэй тэнцэж байна.

Reuters агентлагийн олж авсан Пентагоны эх сурвалжаар АНУ-ын зэвсэгт хүчин Иранд хийж буй дайндаа одоогийн байдлаар 47 тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байгаа бөгөөд энэ нь Батлан хамгаалах яамны долоодугаар сард гаргасан таамаглалаас 25 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Пентагоны зүгээс олон нийтэд ил болоогүй байгаа энэхүү тооцооллынхоо талаар албан ёсны тайлбар өгөхөөс татгалзжээ. 

Ираны дайны зардал ийнхүү өсөж байгаа тухай мэдээлэл нь ирэх 11 дүгээр сарын 3-нд болох АНУ-ын Конгрессын хяналтыг хэн тогтоохыг шийдэх завсрын сонгуулийн өмнө Бүгд найрамдах намынхны хувьд улс төрийн хүнд цохилт болж байна. Учир нь энэхүү дайн дэлхийн эрчим хүчний үнэд нөлөөлж, Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийг дэмжих иргэдийн дэмжлэгийг бууруулж, Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болжээ. 

Пентагоны сүүлчийн тооцоололд дайны үйл ажиллагааны шууд зардлыг тусгасан бөгөөд үүнээс гадна мөргөлдөөний үеэр зарцуулсан зэвсэг хэрэгслийг нөхөхөд 29 тэрбум гаруй ам.доллар шаардагдахаар байна. Мөн дайны үеэр устгагдсан цэргийн техник хэрэгсэл болон олноор сүйрсэн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг орлуулахад дахин 6 тэрбум гаруй доллар хэрэгтэй гэнэ. 

Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү дайныг өнгөрсөн хоёрдугаар сард Израиль улстай хамтран эхлүүлэхдээ мөргөлдөөн богино хугацаанд үргэлжлээд дуусна гэж таамаглаж байжээ. Түүний анхны стратеги нь өндөр өртөгтэй, нарийн тусгалтай пуужингуудаар Ираны хамгаалалтыг бөмбөгдөж, дараа нь илүү хямд өртөгтэй бөмбөгүүдийг ашиглах төлөвлөгөөтэй байв. Гэвч дөрөвдүгээр сард байгуулсан гал зогсоох хэлэлцээр нь Ираны талд газар доорх агуулахуудаа бэлдэх, өмнө нь ашиглах боломжгүй байсан пуужин болон дронуудын хамгаалалтаа эргүүлэн идэвхжүүлэх хугацааг олгосон байна. 

Трамп үүний дараа Иранд газрын тосны экспортын орлогыг нь хаах зорилгоор тэнгисийн бүслэлт тогтоосон бөгөөд завсрын сонгуулийн дараа байлдааны ажиллагааг дахин эхлүүлэх боломжийг нээлттэй үлдээсэн юм. АНУ-ын нэрээ нууцалсан албаны хүмүүсийн мэдээлснээр Пентагон тушаал авмагц ширүүн тулааныг дахин эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

Пентагоны энэхүү сүүлийн үеийн тооцоолол нь Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн долоодугаар сард танилцуулж байсан 37.5 тэрбум ам.долларын өртөгтэй харьцуулахад эрс өссөн дүн юм. Эдгээр тоонд нислэгийн үйл ажиллагаанаас эхлээд кибер дэмжлэг хүртэлх бүх үйл ажиллагааны зардлыг багтаасан боловч Ираны пуужин болон дроны довтолгоонд өртсөн АНУ-ын цэргийн баазуудын хохиролтой холбоотой асар их хэмжээний зардлыг хараахан тодорхой тусгаагүй өайгаа нв энэ юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08