Dark Light
Гадаад | 2026-10-29

ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬД АЗИ-АМЕРИК ОЮУТНУУДЫН ЭЛСЭЛТ ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-ын Дээд шүүхээс их, дээд сургуульд элсэгчдийн арьс өнгөний "эерэг ялгаварлал" гэх бодлогыг (affirmative action) цуцалснаас хойш гурван жилийн дараа Харвард их сургуулийн Ази-Америк гаралтай шинэ элсэгчдийн эзлэх хувь түүхэн дэх хамгийн өндөр хэмжээндээ хүрлээ. Эсрэгээрээ өнгөт арьст (хар арьст) оюутнуудын элсэлтийн хувь хэмжээ сүүлийн гурван жил дараалан буурсан байна. 

Харвард их сургуулиас гаргасан сүүлийн үеийн мэдээллээр, 55,104 өргөдөл гаргагчаас шалгарч элссэн 1,648 оюутан бүхий 2030 оны төгсөлтийн ангийн 43.2 хувийг Ази-Америк оюутнууд бүрдүүлж байна. Харин хар арьст буюу Африк-Америк оюутнууд 9.3 хувийг, уугуул америкчууд болон Номхон далайн арлуудын гаралтай оюутнууд 2 хувийг тус тус эзэлжээ. 

Элсэлтийн хувийн жинг түүхэн цаг хугацаагаар харьцуулбал:

1980 онд Харвардад элсэгчдийн дөнгөж 3.4 хувь нь Ази-Америкчууд байв. Улмаар энэ үзүүлэлт 2014 онд 22.5 хувь болж өсөөд, АНУ-ын Дээд шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хамгийн сүүлийн анги буюу 2027 оны төгсөлтийн ангид 29.9 хувьд хүрч байжээ. Шийдвэр гарснаас хойш буюу 2028 оны ангид 37 хувь, 2029 оны ангид 41 хувь болж тасралтгүй өссөөр, 2026 оны 10 дугаар сарын 27-ны мэдээллээр 43.2 хувьд хүрсэн байна. 

Харин бусад арьстнуудын хувьд:

Хар арьст оюутнуудын эзлэх хувь 18 хувиас эхлэн жил бүр буурсаар 14 хувь, 11.5 хувь, улмаар сүүлийн ангид 9.3 хувь болж буурчээ. Испани эсвэл Латин-Америк гаралтай оюутнуудын хувь шийдвэрийн дараах эхний жилд 14 хувиас 16 хувь болж түр өссөн ч, дараагийн жилүүдэд 11 хувь болон 11.4 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. 

Энэхүү тоон баримтууд нь Харвард их сургуулийн өмнө нь хэрэгжүүлж байсан  арьс өнгөний "эерэг ялгаварлал"-ын бодлого нь өндөр оноо, чадвартай Ази-Америк элсэгчдийг зориудаар хязгаарлаж, хохироож байсан уу гэх маргааныг дахин идэвхжүүллээ. Харвардын зүгээс урьд нь арьс өнгийг оюутны хотхоны олон төрөлт байдлыг хангах нэг л хүчин зүйл гэж үзэж байсан хэдий ч, 2023 оны 6 дугаар сарын 29-ний Дээд шүүхийн шийдвэрээр элсэлтийн явцад хүний арьс өнгийг давуу эсвэл сул тал болгон ашиглах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн хориглосон юм. 

АНУ-ын Харвардын их сургуулийг төгссөн Монголын үе үеийн улс төрчдөөс хамгийн алдартай, томоохон албан тушаал хашиж байсан хүмүүсийг нэрлэвэл Цахиагийн Элбэгдорж 2002 онд Харвардын их сургуулийн Кеннедийн сургуулийг Төрийн удирдлагын магистраар (MPA) дүүргэсэн, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2015 онд Харвардын их сургуулийн Жон Ф. Кеннедийн нэрэмжит Төрийн захиргааны дээд сургуулийг (Harvard Kennedy School) төрийн удирдлагын магистраар төгссөн, Цэндийн Мөнх-Оргил Харвардын их сургуулийн Хуулийн сургуульд (Harvard Law School) хуулийн ухааны магистр (LL.M.) хамгаалсан бол эдүгээ УИХ-ын гишүүн Даваасамбуугийн Ганмаа Харвардын их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр доктороос өмнөх болон дараах судалгааны хөтөлбөрүүд, мөн Рэдклиффийн ахисан түвшний судалгааны хүрээлэнд ажиллаж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08