Энэ оны 8-р сард Бүгд Найрамдах Тува Улсын өдөрт зориулан Кызыл хотод гайхалтай нисэхийн шоу үзүүлж байсан “Русские витязи” багийн нисгэгчид болох хурандаа Олег Ерофеев болон дэд хурандаа Владимир Кочетов нар эмгэнэлтэйгээр амь үрэгдсэнийг тус нисэх багийнхан албан ёсоор баталсан байна.
Энэхүү харамсалтай үйл явдал 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлөвлөгөөт үүрэг гүйцэтгэж, Су-30СМ сөнөөгч онгоцоор сургуулилалтын нислэг үйлдэж байх үед гарчээ.
Ослын эргэн тойронд болон нисгэгчдийн тухай:
Осолдох өдөр цаг агаарын нөхцөл байдал нислэг үйлдэхэд нэн тааламжтай байсан бөгөөд нисгэгчид хуваарийн дагуу даалгавар биелүүлэхээр бэлтгэж байжээ. Гэвч нислэг эхэлсний дараа онгоц осолдсон аж
Тэд бол Цэргийн нисэхийн гавьяат нисгэгч, Нисэхийн техник хэрэгслийг танилцуулах төвийн орлогч дарга Олег Ерофеев болон мөн төвийн ахлах нисгэгч, нислэгийн аюулгүй байдлын байцаагч Владимир Кочетов нар юм. Одоогоор улсын комисс ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж холбогдох албанаас мэдээлж байна.
Хурандаа Ерофеев 2003 оноос хойш "Русские витязи" багт алба хааж байсан бөгөөд нисэх онгоцны зургаан төрлийг эзэмшиж, нийт 3300 гаруй цаг нисжээ. Дэд хурандаа Кочетов 2014 оноос тус багийн гишүүн болсон ба нисэх онгоцны таван төрлийг эзэмшиж, агаарт 1500 гаруй цагийг өнгөрүүлсэн байна.
"Русские витязи" багийн хамт олон амь үрэгдсэн нөхдийнхөө дурсгалыг хүндэтгэж, тэдний нисэх хүчинд үнэнч байж, багийн хамтын үйл хэрэгт оруулсан жинтэй хувь нэмрийг нь тэмдэглэсэн байна.
Амь үрэгдсэн офицерүүдтэй салах ёс гүйцэтгэх албан ёсны ёслол 10-р сарын 27-нд болсон агаад тэднийг Москва мужийн Мытищи дэх "Баатруудын гудамж"-нд (Аллея героев) нутаглуулсан байна.
Үүнээс гадна тус анги салбарын төлөөлөгчид цэргийн нисгэгчийн ажил нь даалгаврын хүнд хөнгөнөөс үл хамааран үргэлж байнгын эрсдэлтэй холбоотой байдгийг онцолжээ.
"Русские витязи" бол Оросын Агаарын цэргийн хүчний агаарын үзүүлбэрийн баг юм. Тус баг нь 1991 оны 4-р сарын 5-нд байгуулагдсан бөгөөд Москвагийн ойролцоох Кубинка дахь Нисэхийн техник хэрэгслийн үзүүлбэрийн төвд байрладаг. Энэхүү баг нь хүнд ангиллын сөнөөгч онгоцуудаар, тэр дундаа хоорондоо маш ойр зайтай нисэх үедээ нарийн төвөгтэй үзүүлбэрүүдийг гүйцэтгэдгээрээ алдартай. Тус багийн нисгэгчид Орос болон олон улсын агаарын шоу, агаарын парад, үзүүлэх нислэгүүдэд тогтмол оролцдог.
ТАТАР МАЙДАР







Гадаад





