БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Коммунист Намын (ХКН) Төв Хорооны Тавдугаар бүгд хурлын дараа намын дотоод хариуцлага, цэвэрлэгээний ажлаараа Мао Зэдунаас хойших үеийн хамгийн дээд амжилтыг тогтоолоо. Бээжин хотноо дөрвөн өдөр хаалттай хуралдсан тус хурлын төгсгөлд ХКН-ын Төв Хорооноос улс төр, цэргийн өндөр албан тушаалын 33 гишүүнийг намаас албан ёсоор хөөсөн шийдвэрийг баталгаажуулсан байна. Энэ нь орчин үеийн Хятадын түүхэн дэх нэг дор хамгийн олон дээд албан тушаалтныг намын эгнээнээс зайлуулсан үйл явдал боллоо.
Хурлын заал дахь хоосон суудлууд түүхэн дээд хэмжээнд хүрэв. Одоогийн Төв Хороо анх 2022 онд 376 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол энэ удаагийн чуулганд ердөө 279 албан тушаалтан оролцсон нь нийт бүрэлдэхүүний дөрөвний нэгээс илүү буюу 100 орчим гишүүн намын цэвэрлэгээнд өртөж, суудлаа алдсаныг харуулж байна. Энэ нь Ши Жиньпинийг 2012 онд анх засаг авснаас хойш өөрийнх нь тушаал дэвшүүлж байсан хүмүүсийг хүртэл хамруулсан хамгийн том, иж бүрэн цэвэрлэгээ гэж шинжээчид дүгнэжээ.
Намаас хөөгдсөн хүмүүсийн дунд Хятадын зэвсэгт хүчний хоёрдугаар хүн гэгдэж байсан Төв цэргийн зөвлөлийн орлогч дарга, генерал Жан Юшя, Шиньжааны намын дарга асан Ма Шинруй зэрэг Улс төрийн товчооны гишүүд багтсан байна. Түүнчлэн ХКН-ын Олон улсын хэлтсийн даргаар ажиллаж байгаад сураггүй болсон нэрт дипломатч Лю Жяньчао, Ши Жиньпиний арми дахь гол төлөөлөгч байсан нарийн бичгийн дарга Жун Шаожюнь нарыг хөөсөн болохыг албан ёсоор баталлаа. Хөөгдсөн хүмүүсийн 16 нь цэргийн өндөр тушаалын генерал, дарга нар байгаа бөгөөд тэднийг намын сахилга бат зөрчсөн, авилга авсан, хамгийн гол нь удирдагчдаа тэрсэлж, үнэнч бус байдал гаргасан гэж буруутгажээ.
Цэвэрлэгээний үр дүнд Хятадын армийг удирддаг долоон хүнтэй Төв цэргийн зөвлөлөөс ердөө хоёрхон хүн тунаж үлдсэн нь Ши Жиньпин өөрөө болон армийн авилгын эсрэг албаны дарга, генерал Жан Шэнминь юм. Түүнчлэн Жан Шэнминийг энэ хурлаар Хятадын эрх барих дээд байгууллага болох 24 гишүүнтэй Улс төрийн товчоонд гэнэт дэвшүүлэн оруулсан байна.
Хятадын авилгын эсрэг байгууллагаас зөвхөн энэ оны эхний есөн сард намын аппаратын хэмжээнд 680 мянган хүнд сахилгын шийтгэл ногдуулснаа тайлагнажээ. Энэхүү хатуу арга хэмжээ нь ирэх 2027 оны хоёрдугаар хагаст болох ХКН-ын 21 дүгээр их хурлаар Ши Жиньпин дөрөв дэх удаагаа таван жилийн хугацаатай сонгогдож, засаглалаа дор хаяж 20 жил болгон сунгах бэлтгэл ажлыг хангах, намын дотоод сахилга батыг чангалан хяналтаа бүрэн тогтоох зорилготой гэж шинжээчид үзэж байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад





