Улс төрийн нөлөө бүхий POLITICO хэвлэлийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаарт мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Европын Холбооны хориг арга хэмжээг үл харгалзан, Беларус улсын калийн бордоог Балтийн тэнгисийн боомтоор дамжуулан экспортлохыг зөвшөөрүүлэхээр Литва улсад шахалт үзүүлж эхэлсэн байна. Энэхүү алхам нь АНУ бордооны чухал түүхий эд болох калийн нийлүүлэлтээр Канад улсаас хараат байдлаа бууруулж, Америкийн тариаланчдад очих бордооны үнийг хямдруулах зорилготой ажээ.
Европын дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Беларусыг хариуцсан тусгай элч Жон Коул сүүлийн долоо хоногуудад Литвийн талтай холбогдож, хоригийг зөөлрүүлэх асуудлаар тандан судалгаа хийсэн байна. Дональд Трамп өнгөрсөн сард хэлэхдээ, Канад улсаас авч буй бордооны үнийг бууруулахын тулд Минск хоттой "томоохон хэлэлцээр" дээр ажиллаж байгаа бөгөөд үүний тулд түүхий эдийг Литвийн Клайпеда боомтоор тээвэрлэх шаардлагатай байгаагаа илэрхийлж байв. АНУ одоогоор хэрэглэж буй калийн бордооныхаа бараг бүх хэрэгцээг импортоор авдаг бөгөөд үүний 80 орчим хувийг Канад улс дангаараа нийлүүлдэг юм. Гэвч өнгөрсөн наймдугаар сард АНУ-Канадын худалдааны хэлэлцээр мухардмал байдалд орж, талууд харилцан тарифаа нэмэгдүүлсэн нь Цагаан ордныг дэлхийн калийн зах зээлийн 20 хувийг хянадаг Беларус руу анхаарлаа хандуулахад хүргэжээ.
Европын Холбооны 27 орон 2020 оны сонгуулийн маргаан болон Украины дайнд Оросыг дэмжсэн шалтгаанаар Александр Лукашенкогийн дэглэмийн эсрэг калийн бордооны экспортын хоригийг санал нэгтэйгээр тавьсан бөгөөд үүнийг цуцлахад бүх гишүүн орнуудын зөвшөөрөл шаардлагатай. Ирэх оны эхээр Европын Холбоог даргалах Литва улс ирэх хоёрдугаар сард хугацаа нь дуусах хориг арга хэмжээг сунгахгүйгээр хориг тавьж (вето) цуцлах онолын боломжтой боловч Украины хамгийн тууштай холбоотон болох тус улсын удирдлагууд Трампын энэхүү шахалтад маш дургүйцсэн хариу өгч байгааг эх сурвалж онцолжээ. Зүүн Европын нэгэн албан тушаалтан Трампын засаг захиргааны элч нарт хандан "Америкчууд түүхээсээ суралцахгүй байгаа бол бид байр суурин дээрээ хатуу зогсох болно" хэмээн эрс шийдэмгий татгалзсан хариу өгснөө нуулгүй хэлсэн байна.
Дональд Трамп өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын зүгээс Беларусд тавьсан зарим хоригоо хэдий нь цуцалж эхэлсэн бөгөөд үүнийг улс төрийн 250 хоригдлыг сулласны хариуд хийсэн хүмүүнлэгийн болон эдийн засгийн алхам хэмээн тайлбарлаж байсан юм. Гэвч Европын удирдагчид Лукашенкогийн дэглэмд олон улсын хууль ёсны эрх зүйн статусыг нь эргүүлэн олгох, хоригдлуудыг үргэлжлүүлэн хорих боломж олгох үүд хаалгыг нээхээс эрс болгоомжилж байгаа тул АНУ болон Европын Холбооны хооронд худалдаа, гадаад бодлогын томоохон хагарал үүсэж болзошгүй болоод байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад





