Германы Каллмут суурингийн иргэн, 34 настай Оливер Шефер Польшийн Рыбник хотод болсон олон улсын загасчлалын тэмцээний үеэр 2.92 метр урт аварга цулбуурт загас барьж, дэлхийн рекорд тогтоолоо.
Аравдугаар сарын 10–11-ний өдрүүдэд болсон «Catfish Cup Poland» тэмцээнд Европын олон орны 70 багийн 150 загасчин оролцож, цурхай, алгана, судак болон сом загас барьж өрсөлдсөн байна.

Тэгвэл тэмцээний аврага Оливер Шефер тус тэмцээнд Нидерландын загасчин, анд Кевин Кремерсийн хамт оролцсон байна. Тэд Рыбник хотын нүүрсний цахилгаан станцын дэргэдэх усан санд дэлхийн рекорд тогтоох хэмжээний аварга цулбуурт загас байдаг тухай сонсоод уг тэмцээнд хүч сорихоор шийджээ. Тэмцээний эхэнд цагт 40 километрт хүрсэн хүчтэй салхи загасчлахад хүндрэл учруулсан ч хоёр загасчин удалгүй 83 сантиметр урт судак загас барьж, амжилттай эхлэл тавьсан байна.
Үүний дараа Шефер аварга сом загас барих зориулалттай тусгай уургаа шидэхэд том загас өгөөшид нь оржээ. Загасчин хагас цаг гаруй хугацаанд хүчтэй эсэргүүцсэн загастай тэмцсэний эцэст түүнийг эрэг дээр гаргаж чадсан байна.
Шүүгчдийн хэмжилтээр загасны урт 2.92 метр байсан бөгөөд гурван метрийн хэмжих дэвсгэр дээр арайхийн багтжээ. Оливер Шеферийн хувьд энэ нь олон жилийн мөрөөдөл нь биелсэн сэтгэл хөдөлгөм мөч байв. Түүний анд Кевин Кремерс «Олли, чи дэлхийн рекорд тогтоолоо!» хэмээн баяр хүргэхэд Шефер «Үгүй ээ, бид хоёр дэлхийн рекорд тогтоосон юм!» гэж хариулжээ.







Гадаад





