Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр, тус улсаас Японд экспортолсон газрын ховор элемент соронзны хэмжээ есдүгээр сард 171 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 25 хувиар, харин наймдугаар сараас 19 хувиар тус тус буурсан байна. Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд Японд нийлүүлсэн сарын экспорт анх удаа 200 тонноос доош орсон үзүүлэлт боллоо. Газрын ховор элемент соронз нь цахилгаан автомашин, компьютер, салхины турбин, үйлдвэрлэлийн машин механизм болон батлан хамгаалахын тоног төхөөрөмжид ашиглагддаг орчин үеийн технологийн амин чухал түүхий эд юм.
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Тайванийн хямралын талаар парламентдаа мэдэгдэл хийснээс хойш Хятадын талаас Японд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Үүний улмаас Японы компаниуд Хятадаас газрын ховор элемент экспортлох тусгай зөвшөөрөл авахад улам бүр хүндрэлтэй болж байгааг мэдээлсээр иржээ.
Нөгөөтэйгүүр, Хятадын дэлхийн зах зээлд гаргасан нийт соронны экспорт есдүгээр сард 6,165 тоннд хүрч, өмнөх сараасаа 23 хувиар өссөн байна. Үүнээс АНУ-д нийлүүлсэн экспорт 604 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 44 хувиар, наймдугаар сараас 18 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.
АНУ болон Хятад улсууд есдүгээр сард хийсэн сайд нарын түвшний уулзалтын үеэр худалдааны түр зогсолтоо ирэх оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл хоёр сараар сунгахаар тохиролцсон байна. Хятад улс хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг тогтворжуулах хүчин чармайлтынхаа хүрээнд АНУ-д гаргах газрын ховор элементийн экспортоо ийнхүү нэмэгдүүлж байж болзошгүй хэмээн ажиглагчид тайлбарлаж байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад





