АНУ-ын Батлан хамгаалах яам нууц мэдээлэл задруулсан генералыг ажлаас нь халлаа хэмээн The Week мэдээлэв.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Пентагоны Хяналтын штабын Стратеги, төлөвлөлт, бодлого хариуцсан газрын дарга, хошууч генерал Бретт Сильвиаг Иран дахь цэргийн ажиллагаа болон Украины дайны холбогдолтой улсын нууц мэдээллийг сэтгүүлчдэд задруулсан хэргээр албан тушаалаас нь чөлөөллөө. Одоогийн байдлаар Пентагоны зүгээс уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд сайдын зүгээс түүнийг "ноцтой ёс зүйн алдаа" гаргасан хэмээн үзэж, Лхагва гарагт тушаал буулгасан байна.
Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гол баримтууд:
Мөрдөгчдийн мэдээлснээр генерал Бретт Сильвиа нь үнэн худлыг тогтоогч полиграфын (худал илрүүлэгч) хэд хэдэн шалгалтад бүдэрсэн бөгөөд үүний дараа нууц мэдээллийг хоёр өөр хэвлэл мэдээллийн сэтгүүлчид өгсөн гэдгээ бичлэгээр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр сэтгүүлчидтэй харилцахдаа нууцлалтай "Signal" аппликейшнийг ашиглаж байснаас гадна Виржиниа мужийн Арлингтон хот дахь нэгэн зоогийн газарт сэтгүүлчтэй биечлэн уулзаж мэдээлэл дамжуулдаг байжээ. Уг уулзалт нь тухайн сэтгүүлчийн Пентагонд нэвтрэх эрхийг цуцалсны дараа өрнөсөн болохыг тогтоосон байна.
Генерал Сильвиа нь АНУ-аас Украинд үзүүлж буй цэргийн тусламжийн нууц тайлангийн тэмдэглэлийг ашиглан сэтгүүлчид амаар мэдээлэл өгч байсан бөгөөд Ираны цэргийн хэргийн талаар сэтгүүлчтэй харилцсан чатаа санаандгүй устгасан хэмээн мэдүүлжээ. Гэвч хуулийнхан түүнийг баримт устгах зорилгоор чатаа санаатайгаар устгасан гэж сэжиглэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү үйл явдалд хариу үйлдэл үзүүлэхдээ, тус генерал "том асуудалд" орсон бөгөөд засаг захиргааны зүгээс төрийн нууц задруулагчдыг маш эрчимтэй хайж, тэмцэж байгааг анхааруулжээ.
ТАТАР МАЙДАР



Гадаад





