Польш улсад улс төрийн хямралын улмаас Ерөнхийлөгч нь нислэгээ цуцлан эх орондоо яаралтай буулаа.
Америкийн Fox News агентлагийн мэдээгээр, Польш улсын Үндсэн хуулийн цэц дээр цагдаагийн хүч нэвтэрч, Цэцийн даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор тус улсад засаглалын гүн хямрал үүслээ. Африк тивийн Сенегал улсыг чиглэн нисэж байсан Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцки нөхцөл байдал хурцадсан даруйд онгоцоо буцааж, нислэгээ шуурхай цуцлан эх орондоо эргэн ирсэн байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийм эгзэгтэй мөчид Ерөнхийлөгч Польшдоо байх ёстой хэмээн мэдэгджээ.
Энэхүү үйл явдал нь Ерөнхий сайд Дональд Тускийн удирдсан, Европын Холбооны чиг баримжаатай одоогийн Засгийн газар болон тус улсыг өмнө нь удирдаж байсан үндэсний-консерватив Хууль ба Шударга ёс сөрөг хүчний намын хоорондох урт хугацааны тэмцлийн тэсрэлт болж байна. Засгийн газрын шийдвэрээр сөрөг хүчний намын үед томилогдсон Үндсэн хуулийн цэцийн дарга Богдан Швенчковскийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, одоогийн парламентын олонхоор сонгогдсон шүүгч өөрийгөө Цэцийн тэргүүнээр зарлажээ. Үүнийг эсэргүүцсэн олон mянган иргэд Варшав дахь Үндсэн хуулийн цэцийн байрны гадна цуглан, цагдаа нартай мөргөлдөж, Тускийн дэглэмийг буруутгасан уриа лоозон барин жагсаж байна.
Сөрөг хүчний удирдагчид болон Ерөнхий сайд асан Матеуш Моравецки үүнийг Үндсэн хуулийн цэцийг хүчээр булаан авсан хууль бус үйлдэл гэж нэрлээд, Ерөнхий сайд Дональд Тускийг засагтаа үлдэхийн тулд Беларусь арга барил ашиглаж байна хэмээн буруутгалаа. Харин Ерөнхий сайд Дональд Туск хариуд нь олон жилийн хууль бус байдлын дараа хууль дээдлэх ёсыг сэргээх нь тэдний үүрэг бөгөөд энэ нь хэцүү, заримдаа өвдөлттэй үйл явц ч шийдэмгий алхам шаарддаг хэмээн байр сууриа хамгаалсан байна. АНУ-аас Польш улсад суугаа Элчин сайд Том Роуз энэхүү үйл явдлыг урьд өмнө үзэгдээгүй ноцтой сөргөлдөөн гэж тодорхойлоод, нөхцөл байдал улам аюултай болохоос өмнө холбоотон орны хувиар тогтвортой, ардчилсан ирээдүйг хадгалахыг уриалжээ.
ТАТАР МАЙДАР


Гадаад




