Галдан шатаах бөмбөг шидэж, дэлгүүрүүдийг тоносон хэрэг гарч, ХБНГУ-д "Gen Z үеийнхний" эсэргүүцлийн жагсаал хүчээ авсан бол Франкфурт хотод цагдаа нар үймээн дэгдээгчидтэй мөргөлдөв.
Герман улсын томоохон хотуудын гудамжинд боловсролын санхүүжилт, амьжиргааны өртгийн өсөлт болон заавал биелүүлэх цэргийн албыг эсэргүүцсэн олон арван мянган хүнийг хамарсан жагсаал өрнөх үеэр, бямба гарагийн шөнө Франкфурт хотод баг өмссөн жагсагчид дэлгүүрүүдийг тоносон байна.
"Gen Z regelt" буюу "Gen Z үеийнхэн удирдлагыг гартаа авна" гэсэн утгатай кампанит ажлын бүлгээс зохион байгуулсан уг эсэргүүцлийн жагсаал Берлин, Франкфурт, Мюнхен зэрэг 34 хотод болжээ. Энэхүү эсэргүүцлийн ажиллагаа нь энэ жил Европын хэмжээнд залуучуудын зүгээс эдийн засгийн илүү найдвартай байдал, төрийн үйлчилгээг сайжруулахыг шаардаж буй өргөн хүрээний давалгааны нэг хэсэг юм.
Бямба гарагийн эсэргүүцлийн жагсаал нь энэ жил Европыг хамарсан Z үеийнхнээр удирдуулсан өргөн хүрээний жагсаал цуглааны дунд болж байна. Серби улсад оюутнуудын идэвхтэй тэмцэл тус улсын урт хугацааны удирдагчийг сонгуулиар суудлаас нь буулгахад голлох үүрэг гүйцэтгэсэн бол Франц дахь жагсаал цуглаанууд яваандаа үймээн самуун, тонуул болон хувирсан юм.
Франкфурт хотод эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэл болон хувирах үеэр дор хаяж хоёр дэлгүүрийг тонож, хэд хэдэн дэлгүүрийг сүйтгэсэн талаар Reuters агентлагийн гэрч мэдээлэв. Цагдаа нар хотын төвд гарсан үймээнийг тогтоон барихаар тэмцэж байна.
"Хүчирхийлэлт үймээн самуун үргэлжилсээр байна" гэж Франкфуртын цагдаагийн газраас Х (хуучнаар Twitter) хуудсанд нийтэлжээ. "Хотын төвийн хэд хэдэн дэлгүүрийн цонхыг хагалсан байна. Мөн яаралтай тусламжийн албаныхан руу Молотовын коктейль (галдан шатаах бөмбөг) шидэж байна. Бид дэргэд байгаа бүх хүмүүсийг хотын төвөөс хол байхыг эсвэл тухайн бүс нутгийг орхиж явахыг уриалж байна."
Хамбург хотод зарим хаалт хашилтуудыг галдан шатаажээ. Германы эрх баригчид ихэнх жагсаал цуглаан тайван замаар өрнөсөн гэж мэдэгдсэн ч хэт даврагч бүлгүүд уг цуглааныг өөрсдийн ашиг сонирхолд ашиглахыг оролдож болзошгүйг анхааруулав.
Жагсагчид боловсролыг сайжруулахыг шаардаж, цэргийн албыг эсэргүүцэж байна
Энэхүү кампанит ажил нь заавал биелүүлэх цэргийн албыг эсэргүүцэж, боловсрол, эрүүл мэнд болон төрийн бусад үйлчилгээнд илүү их хөрөнгө оруулалт хийхийг уриалсан залуусыг нэгтгэсэн байна. Олон залуус Европын хамгийн том эдийн засагтай улсад амьжиргааны өртөг нэмэгдэж байгаад туйлдаж байгаагаа илэрхийлж байна.
"Бид өнөөдөр дайн, албадлагын төлөө бус, харин энх тайван, эрх чөлөөний төлөө тэмцэхээр энд цуглараад байна" гэж "Gen Z regelt" бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Лина Фридрих Берлин дэх цуглаан дээр хэлэв.
"Бидний хувьд хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд, боловсролын тогтолцоог илүү сайн дэмжих явдал юм. Бид заавал биелүүлэх цэргийн албыг эсэргүүцэж байгаа бөгөөд ачааллыг илүү шударгаар хуваарилахын төлөө байна."
Жагсаалд оролцогчдын тоо зохион байгуулагчдын анхны хүлээлтэд хүрээгүй бололтой. Тд 182,000 оролцогч ирнэ гэж таамаглаж байсан бол Франкфурт, Мюнхен, Берлиний цагдаагийн газраас ирүүлсэн нэгдсэн дүнгээр оролцогчдын тоо 18,000 орчим байсан нь тус кампанит ажлын цахим хуудаснаар зарласан 36,000 гэх тооноос даруй хоёр дахин бага байна.
Эрх баригчид хэт даврагчдын нөлөөнөөс сэргийлэхийг анхааруулав
Германы Холбооны Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, зүүн жигүүрийн хэт даврагч хүрээнийхэн болон гадаадын хэт даврагч хөдөлгөөнүүдтэй холбоотой зарим бүлгүүд уг эсэргүүцлийн жагсаалыг дэмжихээр дайчилгаа хийхэд нэгдсэн байна.
Франкфурт хот харьяалагддаг Гессен мужийн Дотоод хэргийн сайд Роман Посек, залуучуудын эсэргүүцлийн жагсаал нь заримдаа тонуул, халдлага болон хувирч байсан Франц улсад гарсан үймээн самуунаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
"Бид бүгдийн сэтгэлд Францад болсон тэрхүү үйл явдлуудын дүр зураг – тонуул хийх, байшин барилга шатаах, цагдаагийн тээврийн хэрэгслийг галдах, мөн цагдаагийн ажилтнууд руу халдах зэрэг дүрслэлүүд тод байна" гэж Посек хэлэв.
"Францыг энэ тал дээр үлгэр жишээ загвар болгож болохгүй."
Германы хотуудын хэд хэдэн бизнесүүд жагсаал цуглаанаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, дэлгүүрийнхээ нүүрэн талыг банзаар хааж, эрт хаахаар төлөвлөсөн байна. Эдгээр арга хэмжээнд Берлиний тансаг зэрэглэлийн Курфюрстендамм худалдааны гудамж дагуух дэлгүүрүүд ч багтжээ.
Залуу жагсагчид Засгийн газарт дургүйцэж байгаагаа илэрхийлэв
Зохион байгуулагчид энэхүү эсэргүүцлийн жагсаалыг залуу үеийнхэнд тулгарч буй санхүүгийн болон нийгмийн өсөн нэмэгдэж буй дарамт шахалтад үзүүлж буй хариу үйлдэл гэж тодорхойлж байна. Герман улс эдийн засгийн өсөлтийг сэргээхээр тэмцэж байгаагийн зэрэгцээ "бэби бүүмэрүүд" (дараах үеийнхэн) тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн насны хүн ам цөөрч байгаа тул тэтгэвэр болон төрийн үйлчилгээнд ирэх дарамт улам бүр нэмэгдэж байна.
Мюнхен дэх цуглаан дээр үг хэлэх ёстой байсан 18 настай Стив, Канцлер Фридрих Мерцэд хандан шууд хэлэхдээ: "Засгийн газар манай тулгамдсан асуудалд зөвхөн таналт хийж, бидэн дээр нэмэлт ачаалал үүрүүлэхээс өөр ямар ч хариу арга хэмжээ авсангүй" гэв.
"Та бүхэн биднийг үл тоомсорлохоо зогсоох хүртэл бид цуглаан хийх үндсэн эрхээ үргэлжлүүлэн эдлэх болно."
Гэсэн хэдий ч, олон төрлийн улс төрийн болон иргэний нийгмийн бүлгүүд оролцож байгаа тул энэхүү кампанит ажлын ард хэн байгаа бэ, мөн энэ нь залуучуудыг хэр зэрэг төлөөлж чадаж байгаа бэ гэдэгт асуултууд гарч ирж байна. Германы сургуулийн сурагчдын үндэсний шүхэр байгууллага болох BSK нь энэхүү санаачилгаас зайгаа барьж, 11 дүгээр сарын 20-нд тусдаа эсэргүүцлийн өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлав.
Берлин хотод оюутан Шон Бейкер өөрийн сурч буй их сургуулийн нөхцөл байдал дордож байгааг онцлохын тулд эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээр төлөвлөж байгаагаа хэлжээ.
"Та сургуулийн дотогш орж, өрөөнүүдэд нэвтрэхэд энэ нь яг л хаягдсан барилга шиг харагддаг" гэж Берлиний Техникийн Их Сургуулийн оюутан Бейкер хэлэв. "Гэтэл энэ газар бол биднийг тогтмол суралцана гэж хүлээж байгаа газар шүү дээ" гэж тэрээр нэмэн хэлжээ.
ТАТАР МАЙДАР



Гадаад




