Пхеньян Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг зэмлэн буруутгаж, цөмийн зэвсгийн хүчин чадлаа улам нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ
БНАСАУ Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг эрс зэмлэн буруутгалаа. Уг сургуулилалт нь Өмнөд Солонгосын уламжлалт зэвсэгт хүчний чадавхыг АНУ-ын цөмийн хүчин чадалтай уялдуулан нэгтгэсэн шинжтэй бөгөөд ийм нөхцөл байдалд өөрийн цөмийн зэвсэгт хүчний чадавхыг улам бэхжүүлэх нь “хувиршгүй хатуу” байр суурь болохыг Хойд Солонгосын тал мэдэгдсэн байна.
БНАСАУ-ын албан ёсны төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA)-аас гаргасан мэдээллээр, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдүгээр орлогч дарга Ким Жон Сик мэдэгдэхдээ, “Төмөр шийдэм” (Iron Mace) хэмээн нэрлэсэн тус сургуулилалт нь “БНАСАУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд чиглэсэн хамгийн жигшүүртэй цөмийн дайны бэлтгэл сургуулилалт” гэж буруутгажээ.
Тэрээр хэлэхдээ, "Төмөр шийдэм" сургуулилалт нь цөмийн аюул заналхийллийг бүрэн даван туулах чадвартай цөмийн хүчээ зогсолтгүй бэхжүүлэх БНАСУ-ын хүчин чармайлт хэр зэрэг зөв болохыг нотолж байна гээд, Өмнөд Солонгос болон АНУ-ын тал есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 2-ны хооронд Сөүл дэх Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны төв байранд Хойд Солонгосын заналхийллийг таслан зогсоох зорилгоор команд штабын сургуулилалт хийснийг тэмдэглэжээ.
Ким Жон Сик мөн холбоотнуудын бусад сургуулилалт болох “Хогүг” (Hoguk), “Эрх чөлөөний туг” (Freedom Flag), түүнчлэн АНУ-Японы хамтарсан “Ирт сэлэм” (Keen Sword) сургуулилалтыг буруутгаж, “дайснууд цэргийн хөдөлгөөнөө ил тод болон далд хэлбэрээр эрчимжүүлж байна” гэж шүүмжилсэн байна.
Энэ бүхэн нь Хойд Солонгосын тал өрсөлдөгчдөө илүү хүчтэй цөмийн зэвсгийн хэрэгслээр хязгаарлан барьж байх ёстойг харуулж байна гэдгийг дурдаад, “хүч чадал бол энх тайван мөн бөгөөд энх тайван нь зөвхөн хүч чадлаар баталгааждаг гэсэн үндсэн үнэнийг бодит байдал дахин харуулж байна” гэж анхааруулжээ.
Тэрээр Пхеньян өөрийн цөмийн зэвсгийн хүчээр улс орны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, бүс нутгийн энх тайвныг хариуцлагатайгаар хамгаалах болно гээд, одоогийн болон болзошгүй заналхийллийг сөрөн зогсохын тулд уг хүчин чадлыг улам хурдацтай бэхжүүлэх нь үндэсний батлан хамгаалах бодлогын “хувиршгүй хатуу” зарчим гэдгийг нэмж мэдэгдсэн байна.
Ким Жон Сик бол Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны Зэвсэг, цэргийн аж үйлдвэрийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж буй Хойд Солонгосын улс төрч, генерал юм.
Түүний талаарх мэдээлэл тун хомс. Тэрээр сансар судлал, пуужингийн салбарт ажиллаж байсан туршлагатай бөгөөд өмнө нь Байгалийн шинжлэх ухааны хоёрдугаар академи болон Хойд Солонгосын сансрын агентлагт пуужингийн эрдэмтнээр ажиллаж байжээ. Тэрээр "Унха-3" (Unha-3) пуужин болон "Сохэ" (Sohae) хиймэл дагуул хөөргөх төвийг хөгжүүлэх ажилд оролцож байв. 2022 оны 11-р сард тэрээр дөрвөн хошуутай генерал цолоор шагнагджээ.
ТАТАР МАЙДАР




Гадаад




