АНУ-ын Конгрессын завсрын сонгууль энэ мягмар гарагт (11 дүгээр сарын 3) болох гэж буйтай холбоотойгоор Ардчилсан намынхан ихээхэн найдвар тавьж байна. Бүгд найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн нэр хүнд түүхэндээ хамгийн бага байгаа, хүнс болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд олон нийт дургүйцэж буй зэрэг нь сөрөг хүчин болох Ардчилсан намынханд сонгуулийн шөнө ялалт авчирч магадгүйг олон сарын турш хийсэн санал асуулгын дүнгүүд харуулж байгаа вм хэмээн ВВС бичжээ.
Санал асуулгын дүнгээр Ардчилсан намын нэр дэвшигчид Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтооход шаардлагатай 218 суудлын босгыг давахаар итгэлтэй тэргүүлж байгаа бөгөөд Сенатын гол мужуудын өрсөлдөөнд ч ойрхон эсвэл бага зэрэг түрүүлж яваа юм. Жишээлбэл, сүүлийн үеийн The New York Times сонины санал асуулгаар 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп 18 хувиар ялж байсан Өмнөд Каролина мужид Сенатын суудлын төлөөх өрсөлдөөн тэнцэж, харин CNN-ийн судалгаагаар Техас, Канзас, Мэн мужуудад Ардчилсан намынхан илүү байгааг харуулжээ.
Санал асуулга хэр үнэн зөв бэ?
Гэвч АНУ-ын улс төрийн түүхэнд сонгуулийн өмнөх өдрүүдэд хийсэн санал асуулгууд зөрж байсан гашуун сургамжууд олон бий. Дональд Трамп 2016 болон 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулиудад урьдчилсан таамгаас хамаагүй өндөр амжилт үзүүлж Цагаан ордонд сонгогдож байв. Мөн 2020 онд түүний ялагдсан сонгуулиар ч судалгаанууд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг хамаагүй илүү оноогоор ялна гэж таамаглаж байсан ч бодит байдал дээр маш ойрхон зөрүүгээр шийдэгдсэн юм.
Судалгааны Ipsos Public Affairs байгууллагын ерөнхийлөгч Клиффорд Янгийн тайлбарлаж буйгаар, сүүлийн жилүүдэд америкчууд суурин утаснаасаа татгалзаж, үл мэдэгдэх дуудлагыг авахаа больсон тул санал асуулга явуулах улам хэцүү болсон байна. Ялангуяа Бүгд найрамдах намыг дэмжигч, баруун жигүүрийн консерватив үзэлтнүүд одоогийн тогтолцоонд үл итгэдэг учраас иймэрхүү судалгаанд оролцохоос эрс татгалздаг аж. Хэрэв санал асуулгын компаниуд эдгээр консерватив сонгогчдыг дутуу тоолж, загварчлалдаа анхаарахгүй бол мэдээлэл нь Ардчилсан намын талд давуу байдалтай гарч, бодит дүр зургийг гажуудуулах эрсдэлтэй.
Сонгуулийн дүнд нөлөөлөх бусад хүчин зүйлс:
Завсрын сонгуулиар одоогийн Ерөнхийлөгчийн нам суудал алддаг бичигдээгүй хууль байдаг ч Ардчилсан намынхан түүхэн дэх шиг том ялалт байгуулж чадахгүй байх хэд хэдэн шалтгаан бий.
-
Одоо гол өрсөлдөөн өрнөж буй олон мужуудад ердөө хоёр жилийн өмнө Трамп итгэлтэй ялалт байгуулж байсан тул энэ нь Бүгд найрамдах намынхны хувьд "өөрийн талбай" дээрээ тоглож буй мэт давуу тал болж байна.
-
Сүүлийн жилүүдэд сонгуулийн тойргийн хил хязгаарыг өөрчилснөөс шалтгаалж намуудын дунд шилжиж болох суудлын тоо цөөрсөн.
-
Америкийн нийгэм хоёр туйл руу хуваагдсан нь намуудын дунд гол тэнцвэрийг хадгалдаг дундаж Сонгогчдын орон зайг үгүй хийжээ.
-
Сүүлийн долоо хоногуудад Бүгд найрамдах намынхан маш их хэмжээний санхүүжилтийг сурталчилгаанд зориулж, мөнгөний давуу тал үүсгэсэн зэрэг нь нөлөөлж болзошгүй юм.
Гэсэн хэдий ч судалгааны дунджуудыг нэгтгэн үзвэл Ардчилсан намынхан 11 дүгээр сарын 3-ны сонгуулийн шөнө амжилт гаргах магадлал өндөр хэвээр байна.
ТАТАР МАЙДАР



Гадаад



