Их Британийн тэнгэрт нууцлаг "хар гурвалжин" хэлбэртэй үл танигдах нисдэг биетүүд (ҮТНБ) ойр ойрхон үзэгдэх болсон бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд судлаачид үүнтэй холбоотой 2,000 орчим тохиолдлыг албан ёсоор бүртгэжээ.
Үүнээс 164 тохиолдолд нь шаантаг эсвэл гурвалжин хэлбэртэй том биетүүд орон сууцны хороолол болон тариалангийн талбайн дээгүүр ямар ч чимээ авиагүйгээр маш аяархан хөвж байснаа, гэнэт асар өндөр хурдаар алга болсон тухай иргэд мэдээлсэн байна. Хамгийн сүүлийн тохиолдол нь долоодугаар сарын 22-нд Манчестер хотын СТРЕТФОРД (Stretford) дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд улаан гэрэлтэй, том хар гурвалжин биет тэнгэрт 30 гаруй минутын турш зогссоныг гэрчүүд харжээ.
"UFO Identified" байгууллагыг үндэслэгч Эш Эллисийн хэлснээр, Их Британи даяар тайлбарлаж чадахгүй зүйл харсан мянга мянган хүн байдаг ч эхний үеийн шуугиан өнгөрөхөөр эдгээр мэдээллүүд мартагдаж, олдохоо байдаг аж. Иймэрхүү гурвалжин болон "V" хэлбэрийн бумеранг шиг биетүүд Честерфилд, Ланкашир, Девон зэрэг хэд хэдэн мужийн тэнгэрт дараалан үзэгдээд байна.
АНУ-ын Пентагоны зүгээс саяхан ҮТНБ-тэй холбоотой нууцын зэрэглэлээс гаргасан баримтуудыг дэлгэсэн бөгөөд тэнд мөн адил хар гурвалжин биет агаарт 300 футын өндөрт чимээгүй хөвж байснаа, ямар ч утаа, мөр үлдээлгүйгээр хавцал руу асар хурдтай далд орсон тухай тэмдэглэжээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өмнө нь хэлэхдээ, "Тэдгээр нь бодитой зүйл мөн, гэхдээ би өөрийн биеэр хараагүй. Тэднийг 51-р бүсэд (Area 51) нуугаагүй, хэрэв АНУ-ын Ерөнхийлөгчөөс нуусан асар том хуйвалдаан байдаггүй л юм бол газар доорх нууц байгууламж гэж байхгүй" хэмээн дэлхий дээр харийнхан ирсэн байх магадлал бага гэдгийг дурджээ.
ТАТАР МАЙДАР






Гадаад




