Dark Light
Гадаад | 2026-11-02

ДОНАЛЬД ТРАМП ИРАНД "ЛАНТУУН ЦОХИЛТ" ӨГНӨ ХЭМЭЭН СҮРДҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Brendan Smialowski / AFP

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсын эсрэг цэргийн хүч хэрэглэж магадгүйг дахин анхааруулж, Тегеранд эцэст нь "лантуун цохилт" өгөх болно гэж мэдэгдлээ.

Арваннэгдүгээр сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгуулийн өмнөх сурталчилгааны үеэр Айова мужийн дэмжигчиддээ хандан үг хэлэхдээ 80 настай Бүгд найрамдах намын удирдагч одоогийн барьж буй тэвчээрээ стратегийн сул тал биш, харин хүмүүнлэгийн алхам хэмээн тайлбарласан байна. Тэрээр "Миний Ираныг дуусгаагүй байгаа цорын ганц шалтгаан бол би эелдэг байж, боломжтой бол тэр олон хүний амийг аврахыг хүсэж байгаа хэрэг. Гэхдээ ямар нэгэн цаг хугацаанд бид тэдэнд лантуун цохилт өгөх хэрэгтэй болно" гэж цэргийн ажиллагааны тодорхой хэлбэр болон хугацааг дурдалгүйгээр сүрдүүлжээ.

АНУ болон Ираны хоорондох хурцадмал байдал Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд 2015 оны цөмийн хэлэлцээрээс гарсанаас хойш үргэлжилж байгаа бөгөөд ураны баяжуулалт болон Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдээс шалтгаалан хоёр улс хэд хэдэн удаа задгай мөргөлдөөний ирмэгт тулж байсан юм.

Хэдийгээр Айовад ийм хатуу мэдэгдэл хийсэн ч Д.Трамп Ираны асуудлаар дипломат харилцааг илүүд үзэж байгаа аж. Сүүлийн үеийн эх сурвалжуудын мэдээлснээр Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн зүгээс сонгуулийн дараа шууд цэргийн цохилт өгөх шахалт үзүүлж байгааг Трамп дэмжихгүй байгаа бөгөөд тэдний амралтын өдрүүдээр хийсэн утсаарх яриаг эх сурвалжууд "ширүүн" бөгөөд "шулуухан" болсон гэж тодорхойлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг лантуун цохилт өгөхөөр заналхийлсэнтэй холбоотойгоор Ираны тал хамгийн хатуу хариу мэдэгдлүүдийг хийж эхэллээ. Ираны Дээд удирдагч Можтаба Хаменеи анхааруулахдаа АНУ эсвэл Израилийн зүгээс ямар нэгэн буруу алхам хийвэл Ираны зэвсэгт хүчин газар зүйн хувьд ямар ч хязгаарлалтгүй хариу цохилт өгөх болно гэдгийг мэдэгдсэн байна. Мөн Ираны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Али Абдоллахи тэдний арми болзошгүй дайралтад бэлтгэж өөрсдийн дайрах бай баазын мэдээллийн санг тасралтгүй шинэчилж байгааг тодотголоо.

Ерөнхийлөгч Дональд Трамп Айова дахь сурталчилгааны үеэр Ираны Натанз цөмийн цогцолборын өмнөд хэсэгт байрлах цөмийн материалуудыг нууж хадгалдаг гэгддэг Пикакс уулын гүнд байх байгууламжийг гол бай баазаа болгон нэрлэсэн юм. Трамп хэлэхдээ хүмүүс Пикакс уулыг харж болно, бид үүнийг маш хурдан хугацаанд цэгцэлж устгаж чадна хэмээн онцолжээ.

АНУ болон Иран улсууд өнгөрсөн дөрөвдүгээр сард гал зогсоож зургаадугаар сард байнгын энх тайвны хэлэлцээрт хүрэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байсан ч уг гэрээ ердөө хорин нэг хоногийн дараа нурж Ойрхи Дорнод дахь цэргийн мөргөлдөөн дахин сэргэсэн билээ. Дональд Трамп өнгөрсөн хоёрдугаар сард АНУ болон Израилийн хамтран Иранд хийсэн цэргийн ажиллагаа нь Тегераны цөмийн зэвсэг бүтээх амбийцыг бүрэн хааж чадсан гэж үзэж байгаа бол Ираны тал өөрсдийн цөмийн хөтөлбөрийг цэвэр иргэний зориулалттай хэмээн мэдэгдсээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08