Хятад тагнуулчийн урхинд орсон Nvidia-гийн тэрбумтан захирлыг шалгаж эхэллээ.
Дэлхийн хиймэл оюун ухааны (AI) чип үйлдвэрлэлийн хамгийн том гигант болох "Nvidia" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн гүйцэтгэх захирал (CEO) Жэнсэн Хуангийн эсрэг албан ёсны шалгалтын ажиллагааг ням гарагт (2026.11.08) эхлүүлснээ зарлалаа. Энэхүү шийдвэр нь тэрээр гэр бүлээс гадуурх амрагийн харилцаатай байснаа хүлээсний дараа гарсан бөгөөд түүнтэй нэр холбогдсон эмэгтэй нь Бээжингийн даалгавраар ажиллаж байсан Хятадын тагнуулч болох нь илэрсэн талаар "New York Times" сонин анхлан мэдээлсэн юм.
Хятадын тагнуулын албаны гол зорилго нь "Америкийн хиймэл оюун ухааны чипний технологийн нууцыг мэдэх, улмаар тус компанийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт чипүүдийг Хятадын зах зээлд нийлүүлэх шийдвэрт нөлөөлөх" байсан нь тодорхой болоод байна. Гэр бүлтэй Жэнсэн Хуанг "Axios" агентлагийн олж авсан "Nvidia"-гийн нийт ажилчид руу илгээхээр бэлдсэн цахим захидлынхаа ноорогт "Би гэр бүлээсээ болон та бүхнээс чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна" хэмээн бичжээ.
АНУ-ын тусгай албад Хуанг Лэ (Хятад нэр нь, англи нэр нь Алис Хуанг) гэх энэ эмэгтэйг Хятадын Төрийн аюулгүй байдлын яамны нууц агент болохыг хэдэн сарын өмнө тогтоосон байжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ оны хавар "Nvidia"-гийн тэргүүн уг эмэгтэйтэй холбогдсон талаар Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудад анхааруулсан маш нууц санамж бичгийг боловсруулах ажлыг биечлэн удирдаж байсан байна. Гэвч үүнийг үл харгалзан АНУ-ын Худалдааны яамнаас Хятадын олон арван компанид "Nvidia"-гийн өндөр хүчин чадалтай "H200" чипийг худалдан авах зөвшөөрлийг олгосон бөгөөд тэдгээр дунд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх шалтгаанаар хоригт орсон, Хятадын засгийн газрын халаасны компаниуд багтсан байсныг илрүүлжээ. Пүрэв гарагт АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын нөлөө бүхий гурван хорооны Бүгд найрамдах намын удирдагчид Жэнсэн Хуангийг энэ сарын сүүлээр Конгресст ирж, тагнуулч эмэгтэйтэй хэрхэн харилцаж байсан талаар хаалттай хаалганы цаана мэдүүлэг өгөхийг албан ёсоор шаардсан байна.
Гадаад харилцааны зөвлөлийн (CFR) Хятад болон шинэ технологийн ахлах судлаач Крис МакГуайрын тэмдэглэснээр, Жэнсэн Хуанг сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ-ын засгийн газарт хандан өндөр технологийн чипний экспортын хяналтыг сулруулах лоббиг удаа дараа хийж иржээ. Үүний үр дүнд АНУ-ын Худалдааны яам хяналтаа сулруулж, 'H200' чипийг Хятад руу гаргах зөвшөөрөл олгожээ. Түүнчлэн тагнуулч Алис Хуангийн удирдах албан тушаалыг нь хашдаг 'Megaspeed' компани болон Зүүн өмнөд Азийн орнууд руу 'Nvidia'-гийн хамгийн сүүлийн үеийн 'Blackwell' чипийг ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр нууцаар экспортлох боломжийг бүрдүүлсэн байна.
"Washington Post" сонины тагнуулын асуудал хариуцсан сэтгүүлч Зач Дорфман "Холбооны мөрдөх товчооны (FBI) Сан-Франциско дахь сөрөг тагнуулын алба технологийн салбарынханд хандан гадаадын тагнуулын албад, тэр дундаа Хятадын тусгай албад болон Оросын тагнуулуудын үндсэн бай болж байгааг олон арван жилийн турш анхааруулж ирсэн. Өндөр зэрэглэлийн биеэ үнэлэгч, эскорт үйлчилгээ үзүүлэгч эмэгтэйчүүд гадаадын тагнуулын байгууллагуудад мэдээлэл дамжуулдаг тактик энд идэвхтэй хэрэглэгдэж байна" хэмээн X (Твиттер) хуудсаараа дамжуулан анхааруулжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад





