Dark Light
Спорт | 2026-11-09

ЭРХЭМБААТАРЫН АНУЖИН ЕГИПЕТИЙН БӨХИЙГ ЯЛЖ, “ДАКАР-2026” ОЛИМПООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Сенегал улсын Сали хотноо зохион байгуулагдаж буй “Дакар-2026” Залуучуудын зуны IV Олимпын наадмын элсний бөхийн тэмцээнээс Монгол Улсын тамирчин Эрхэмбаатарын Анужин хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн буухиаг амжилттай үргэлжлүүлсэн байна. Тэрээр эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч чадал, уран мэхээ уралдуулан ийнхүү Олимпын медалийн тавцанд зогсжээ. 

Уг жинд дэлхийн шилдэг 12 тамирчин уран мэх, цэц чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд 65 кг-ын жинд барилдсан нийт бөхчүүдийг танилцуулбал:

  • Эмануэла Радош (Emanuela RADOS) — Хорват

  • Ёлайни Росадо (Yolayni ROSADO) — Доминиканы Бүгд Найрамдах Улс

  • Малак Абделгалил (Malak ABDELGALIL) — Египет

  • Оливия Сандин Амблард (Olivia SANDIN AMBLARD) — Франц

  • Антра (ANTRA) — Энэтхэг

  • Жэмима Ванжала (Jemimah WANJALA) — Кени

  • Эрхэмбаатарын Анужин (Anujin ERKHEMBAATAR) — Монгол

  • Ана Рачитяну (Ana RACHITEANU) — Молдав

  • Мери Манга (Mery MANGA) — Сенегал

  • Грасиела Энинго (Graciela ENINGO) — Испани

  • Ирина Бухтина (Iryna BUKHTINA) — Украина

  • Алея Апостол (Aleia APOSTOL) — АНУ

Тэмцээний зохион байгуулалтын дагуу Э.Анужин "С" хэсэгт хуваарилагдан барилдаж, Хорватын Эмануэла Радош, талбайн эзэн Сенегалын Мери Манга, АНУ-ын Алея Апостол нарыг дараалан илт давуу оноогоор ялж, хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарсан юм. Хагас шигшээ барилдаанд Доминиканы бөх Ёлайни Росадод 1:3-аар харамсалтай ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон билээ.

Улмаар медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Египетийн тамирчин Малак Абделгалилтай тулж, 6:2 онооны харьцаатайгаар илүүрхэн ялж, хүрэл медаль хүртсэн байна. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Би энд алтан медалийн төлөө ирсэн учраас жаахан сэтгэл дундуур байгаа ч хүрэл медаль хүртсэндээ баярлаж байна. Барилдах бүртээ дэмжлэгийг мэдэрч байлаа. Эх орондоо байгаа хоёр дасгалжуулагчдаа баярлалаа гэж хэлмээр байна. Сенегалын цаг агаар ч халуун, үзэгчдийн дэмжлэг ч халуун байсан нь надад маш их урам зориг өгсөн" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Тус жингийн аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Францын бөх Оливия Сандин Амблард илүүрхэж алтан медаль, Олимпын аварга болсон бол Доминиканы Ёлайни Росадо мөнгөн медалийн эзэн болжээ. Ийнхүү Эрхэмбаатарын Анужин Залуучуудын Олимпын наадмаас элсний чөлөөт бөхийн төрлөөр медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж түүхэнд бичигдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08