Сенегал улсын Дакар хотноо зохион байгуулагдаж буй Залуучуудын зуны IV Олимпын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шөвгийн наймын (Quarter-final) халуухан тулаан Ням гарагт болж, Монгол Улсын хөвгүүдийн шигшээ баг талбайн эзэн Сенегалын хүчирхэг багтай хасагдах шатанд тулж, 20-11 харьцаатайгаар харамсалтай хожигдол хүлээлээ. Тус тэмцээнийг зохион байгуулагч Сенегалын Lionceaux ("Арслангууд) ийнхүү нутгийнхаа үзэгчдийн өмнө медалийн төлөөх хагас шигшээ тоглолтод албан ёсоор шалгарч үлдээд байна.
Сенегалын ахлах дасгалжуулагч Эль Хаджи Диахате (El Hadji Diakhaté)-гийн удирдсан залуу "арслангууд" тоглолтын эхнээс биеийн хүчээр илүүрхэж, цагираг доорх довтолгоонуудаараа манай хамгаалалтыг задлан, тоглолтын хэмнэлийг гартаа авчээ.
Монголын шигшээ багийн залуу тамирчид болох Дамдины Сүхбат, Мягмарсүрэнгийн Мөнх-Эрдэнэ, Хүрэлбаатарын Билигт, Нямсүрэнгийн Дэлгэрмөрөн нар холын зайн шидэлт болон хурдтай дамжуулалтаар тоглолтыг эргүүлэхийг хичээсэн ч талбайн эздийн хамгаалалт болон үзэгчдийн асар их дэмжлэгийг давж чадалгүй, онооны зөрүү холдсоор 20-11 харьцаатайгаар тоглолт өндөрлөсөн байна. Хэдийгээр манай хөвгүүд хэсгийн шатанд Венесуэлийг 21-19-өөр гайхалтай хожиж Олимпыг эрчтэй эхлүүлсэн ч ийнхүү шөвгийн наймын шатанд тэмцээнээ өндөрлүүлж байна.
Сенегалын хэвлэлүүд болон спорт сонирхогчид өөрсдийн залуу багийн тактик, сахилга батыг өндөр үнэлж, Олимпын түүхэн алтан медалийн төлөө урагшлах том алхам хийснийг баяр хөөртэйгөөр онцоллоо.
ТАТАР МАЙДАР







Спорт





