Польшийн Батлан хамгаалахын сайдын мэдэгдсэнээр, Пентагон Польш улсад АНУ-ын байнгын цэргийн бааз байгуулах саналыг дэмжсэн хэдий ч эцсийн шийдвэрийг Трамп гаргах ёстой бөгөөд үүнийг 12-р сарын эхээр шийдвэрлэнэ гэж хүлээж байна. Мөн Варшав хот АНУ-аас Tomahawk пуужин худалдан авах хүсэлтийнхээ талаар нааштай хариу авч чаджээ.
Польшийн Батлан хамгаалахын сайд мягмар гарагт Вашингтон хотноо Америкийн талын түнш Пит Хегсеттэй хийсэн “чухал ахиц дэвшил” авчирсан хэлэлцээний дараа, Пентагон тус улсад АНУ-ын байнгын цэргийн бааз байгуулахыг “зөвшөөрсөн” (ногоон гэрэл асаасан) болохыг мэдэгдлээ. Гэхдээ тэрээр эцсийн шийдвэрийг Дональд Трамп гаргана гэдгийг нэмж хэлэв.
НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх, Оросын заналхийллээс сэргийлэх зорилготой тус баазыг байгуулахад зориулж Польшийн тал дэд бүтцийн зардалд 15-17 тэрбум злот буюу 3.5-4 тэрбум еврог дотоодоосоо бүрэн гаргахаа амлажээ. Өдгөө тус улсад америкийн 10,000 орчим цэрэг ээлжээр солигдон алба хааж байгаа бөгөөд Варшавын эрх баригчид энэхүү цэргийн оролцоог бүрмөсөн байнгын болгохыг зорьж байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Хегсет Польш улсыг НАТО-гийн холбоотнууддаа үлгэр жишээ болж, Европын хамгийн хүчирхэг армийг бүтээн босгож байгааг онцлон сайшаажээ.
Үүнээс гадна Польш улс АНУ-аас 1600 орчим километрийн зайд буй байг өндөр нарийвчлалтай устгах чадалтай Tomahawk далавчит пуужин болон түүнийг харвах төхөөрөмжүүдийг худалдан авах хүсэлтдээ Пентагон нааштайгаар хүлээн авчээ. Уг зэвсгийн борлуулалтыг АНУ-ын Конгресс эцэслэн шийдвэрлэх журамтай. Өнгөрсөн сард Польш улс "Патриот" агаарын хамгаалалтын системд ашиглагддаг PAC-3 пуужингийн Европын засвар үйлчилгээний төвийг өөрийн нутаг дээрээ (АНУ-аас гадна дэлхийд анх удаа) байгуулах эрхийг аваад байгаа юм.
Tomahawk бол ойролцоогоор 1600 километрийн зайд орших байг онох чадвартай, алсын тусгал бүхий, өндөр нарийвчлалтай далавчит пуужин юм. Эдгээр нь дайсны хамгаалалтын системээс зайлсхийхийн тулд нам өндрөөр нисдэг бөгөөд байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоц болон газрын тусгай төхөөрөмжүүдээс харвах боломжтой.
Косиняк-Камыш X (хуучнаар Twitter) сүлжээнд нийтэлсэн дараагийн мэдэгдэлдээ уг хэлэлцээг “чухал ахиц дэвшил” гэж тодорхойлоод: “Бид зорилгодоо улам бүр ойртож байгаа бөгөөд үүнийг эцэс хүртэл нь хэрэгжүүлэхээр тууштай байна. Польш улсын аюулгүй байдлын төлөө!” хэмээн бичжээ.
.jpg)

Косиняк-Камыш Вашингтонд хийсэн айлчлалаа Польшийн Батлан хамгаалах яамны түүхэн дэх “магадгүй хамгийн чухал” айлчлал хэмээн тодорхойлов. "Энэ бол Польш улс нь АНУ-ын үлгэр жишээ холбоотон төдийгүй стратегийн түнш нь болсон гэдгийг бүрэн хариуцлагатайгаар хэлж болох мөч юм" гэж тэрээр нэмж хэлэв.
Энэхүү хэлэлцээ нь Пентагон Европ тивд байрлаж буй 80 орчим мянган цэргийнхээ талаарх үнэлгээ, дүгнэлтээ эцэслэх шатандаа орсон үед болж байна.
Орос улс Украин руу довтолж, улмаар Хүйтэн дайнаас хойших хамгийн ноцтой аюулгүй байдлын хямралтай нүүр тулаад буй энэ тивд АНУ-ын цэргийн оролцоог Трамп бууруулж магадгүй гэсэн болгоомжлол НАТО-гийн холбоотнуудын дунд үүсээд байгаа.
Хегсет Польш улсыг НАТО-гийн бусад холбоотнуудад үлгэр жишээ болохуйц улс гээд «Европ дахь хамгийн хүчирхэг армиудын нэг» тодорхойлов.
«Польш улс өөрийн аюулгүй байдлыг хангах, газар нутгаа хамгаалахад бэлэн, Европ дахь хамгийн хүчирхэг армиудын нэгийг бүтээн байгуулж байна» гэж тэр хэлээд, «Өнөөдөр бид холбоотны харилцаагаа улам гүнзгийрүүлэх дараагийн алхмуудыг хийж байна» хэмээн Пентагоны тэргүүн нэмж хэлжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



