Dark Light
Нийгэм | 2026-11-19

ЯПОНЫ ГҮНЖ АЙКО: ДАЙНЫ ҮЕИЙН УЙ ГАШУУГ ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Японы эзэн хаан Нарухито болон хатан хаан Масако нарын цорын ганц охин гүнж Айко Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Дэлхийн II дайны үед сингапурчуудын амссан зовлон зүдгүүрийг “хэзээ ч мартаж болохгүй” хэмээн мэдэгдлээ.

Гүнж Айко Лхагва гарагт Сингапурын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамтай уулзаж, түүний нэрийн өмнөөс барьсан хүндэтгэлийн зоогт оролцсон юм. Тэрээр хэлсэн үгийнхээ эхэнд Сингапурын албан ёсны дөрвөн хэл болох малай, хятад, тамил, англи хэлээр “Өдрийн мэнд” хэмээн мэндчилсэн байна.

Улмаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болон өнгөрсөн хугацаанд бэхжсэн найрамдалт харилцааны түүхийг дурдахдаа, Дэлхийн II дайны үед Японы эзэн хааны арми Сингапурыг эзлэн түрэмгийлж байсан гашуун түүхийг эргэн санав.

Тэрээр “Дайны үед Сингапурт олон хүний үнэт амь нас эрсдэж, төрөл бүрийн зовлон бэрхшээл туулсныг хэзээ ч мартаж болохгүй. Өнгөрсөн түүхээ эргэцүүлэн бодож, өнөөдөр бидний эдэлж буй нөхөрлөл, харилцан ойлголцлын суурь нь өмнөх үеийнхний хичээл зүтгэл, мэргэн ухаан дээр тогтсоныг санан, ирэх жилүүдэд бидний харилцаа улам бүр гүнзгийрнэ гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна” хэмээн онцолжээ.

Үүний дараа гүнж Айко Сингапурын Үндэсний музейд зочилж, дайны үеийн Японы түрэмгийллийн түүхийг өгүүлэх үзмэрүүдийг үзэж сонирхсон байна. Тэрээр “Японы эсрэг” хэмээн буруутгагдаж хэлмэгдсэн энгийн иргэдийн бугуйн цаг, бөгж зэрэг хувийн эд зүйлсийг дэлгэсэн шилэн хоргоны өмнө зогсоод, “Эдгээр эд зүйлсийг хэр өргөн хүрээний газраас олж илрүүлсэн бэ?” хэмээн асууж сонирхжээ.

Өвөөгийнхөө захиасыг үргэлжлүүлэв

Дайны дараа Сингапурт хоёр удаа албан ёсоор айлчилсан өдгөөгийн өргөмжит эзэн хаан Акихито ч мөн ижил утгатай үгийг хэлж байсан түүхтэй. Японы арми 1942 оны хоёрдугаар сард тухайн үед Их Британийн колони байсан Сингапурыг эзлэн авч, “Шонан арал” хэмээн нэрлээд гурван жил хагасын турш цэргийн дэглэмээр захирч байв.

Сингапур 1965 онд тусгаар тогтнолоо олж, дараа жил нь Японтой дипломат харилцаа тогтоосон бөгөөд Акихито 2006 онд эзэн хааны хувиар, 2016 онд Токиод болсон хүндэтгэлийн зоогийн үеэр дайны уй гашууг мартаж болохгүйг удаа дараа цохон тэмдэглэж байжээ. Сингапураас Японд суугаа Элчин сайд Онг Энг Чуан энэ талаар “Японы эзэн хааны гэр бүлийнхэн дайны улмаас учирсан зовлон шаналлыг хүлээн зөвшөөрч, түүний дурсамжийг хадгалан үлдэхийн чухлыг үргэлж онцолсоор ирсэн” хэмээн тэмдэглэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08