Ши Жиньпин АПЕК болон гурван талт уулзалтын дараа бүс нутгийн удирдагчидтай ганцаарчилсан хэлэлцээ хийлээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болон АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нартай хийсэн түүхэн гурван талт уулзалтын маргааш буюу Баасан гарагт Шэньжэнь хотноо Ази, Номхон далайн бүс нутгийн хэд хэдэн орны удирдагчидтай хоёр талын уулзалт хийлээ.
Тодруулбал, тэрээр Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто, Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим болон Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул нарыг хүлээн авч уулзсан байна.
Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субиантотой уулзах үеэр хоёр тал иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлж буйгаа зарласныг Синьхуа агентлаг мэдээллээ. Ши Жиньпин хоёр улсыг “стратегийн харилцаа холбоо, эв нэгдлээ бэхжүүлж, бүх талын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, улс төрийн итгэлцлийн суурийг бататгаж, гадаад эрсдэлээс хамтран сэргийлж, хариу арга хэмжээ авахыг” уриалжээ.
Хятад, Сингапур чөлөөт худалдааны гэрээгээ шинэчлэх хэлэлцээг эхлүүллээ
Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонгтой хийсэн уулзалтаар талууд хоёр талын чөлөөт худалдааны гэрээг шинэчлэн сайжруулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцов. Л.Вонг X цахим хуудсандаа “Энэхүү шинэчлэлд дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарууд багтана. Энэ нь хил дамнасан өгөгдлийн урсгалыг хөнгөвчилж, манай компаниудад шинэ боломжуудыг нээж өгнө” хэмээн бичжээ. Мөн хоёр удирдагч шинээр гарч ирж буй технологи, тэр дундаа хиймэл оюун ухааны (AI) салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон байна.
Австрали, Хятад 2027 оныг “Аялал жуулчлалын жил” болгон зарлахаар тохиров
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезетэй уулзах үеэр Ши Жиньпин 2027 оныг “Австрали-Хятадын аялал жуулчлалын жил” болгон зарлах саналыг зөвшөөрсөн байна. Э.Албанезе уг санаачилга нь Австралид шинэ ажлын байр бий болгоход тусална гээд, уулзалтыг “бүтээлч” болсон хэмээн үнэлжээ. Харин Ши Жиньпин хоёр орны харилцаа одоогоор “тогтвортой” байгааг тэмдэглээд, тодорхойгүй, тогтворгүй дэлхий ертөнцөд харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, нөхөрлөл, хамтын ажиллагааны зөв чиглэлээ хадгалах ёстойг онцолсон байна.
Түүнчлэн БНХАУ-ын дарга Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим болон Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул нартай тус тус уулзжээ.
ТАТАР МАЙДАР




Гадаад



