Ирэх долоо хоногт болох орон нутгийн сонгуульд нөлөөлөх зорилготой Хятадын мэдээллийн дайны кампанит ажлын нэг хэсэг байж болзошгүй 2,700 орчим сошиал медиа хаягийг Тайванийн эрх баригчид илрүүлж, “Meta” компанид мэдээлсэн тухай Засгийн газрын гурван албан тушаалтан болон дотоод тайлангаас эш татан Reuters агентлаг мэдээллээ.
Сүүлийн долоо хоногуудад Тайванийн албаныхан тус аралд ихээхэн түгээмэл хэрэглэгддэг “Meta”-гийн текст суурьтай Threads платформ дээр Бээжингийн зүгээс зохион байгуулалттай нөлөөллийн ажиллагаа явуулж буй сэжигтэй хаягуудыг олж тогтоожээ. Сүүлийн дөрвөн сарын дотор олноор нь бөөнөөр үүсгэсэн эдгээр хаягийн ихэнх нь Хятадаас гаралтай болох нь тогтоогдсон байна.
Арваннэгдүгээр сарын 28-нд болох хотын дарга болон мужийн захирагч нарын сонгууль нь Бээжингийн зүгээс “салан тусгаарлагч хүчин” хэмээн нэрлэж харилцахаас татгалздаг Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн Ардчилсан дэвшилтэт намын (DPP) нэр хүндийг 2028 оны эхээр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шалгах гол хэмжүүр болох юм.
“Хүмүүсийг хооронд нь турхирч, сонгууль өгөхөөс татгалзуулах зорилготой”
Facebook болон Instagram-ийг эзэмшдэг “Meta” компанийн хэвлэлийн төлөөлөгч Тайванийн Засгийн газраас мэдээлсэн уг хаягуудыг устгасан бөгөөд тэдгээрийн ихэнхийг нь компанийн дотоод систем аль хэдийн хаасан байсан гэж мэдэгджээ. Тэрээр эдгээр “чанар муутай хуурамч хаягуудын” ихэнх нь дагагчгүй, сонгуультай холбоотой нийтлэл оруулаагүй байсныг дурдаад, “Бид бодлого зөрчсөн хаягуудын эсрэг цаашид ч арга хэмжээ авсаар байх болно” гэсэн байна. Харин БНХАУ-ын Тайванийн хэрэг эрхлэх газар уг асуудлаар тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд Бээжин Тайванийн сонгуульд хөндлөнгөөс оролцдог гэх буруутгалыг эртнээс няцаасаар ирсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаанд оролцож буй Тайванийн аюулгүй байдлын албаны нэгэн албан тушаалтан “Тэд таныг заавал аль нэг нэр дэвшигчийг дэмж гэж уриалдаггүй. Харин хүмүүсийг хооронд нь хагаралдуулж, ардчилалд дургүйцэх сэтгэл төрүүлэн, сонгуульд саналаа өгөхгүй байх сонголт руу түлхэж, сонгуулийн үеийн хуваагдлыг улам хурцатгадаг” хэмээн ярьжээ.
2,150 гаруй AI видео ба дагагч цуглуулах арга
Тайванийн Засгийн газрын тайланд дурдсанаар, Threads дээр илэрсэн 2,400 хаягны 74 хувь нь байршлаа Хятад гэж заасан бол 25 орчим хувь нь байршлаа нууцалж, нэг хувь нь Орос гэж бүртгүүлсэн байна. Эдгээр хаяг нь ижил төстэй хятад нэр, өөр өөр тоон дугаар ашигласан 27 бүлэгт хуваагдаж байжээ.
Тэд эхлээд жирийн тайвань хэрэглэгч мэт харагдаж, мэргэ төлөг зэрэг өдөр тутмын энгийн сэдвээр нийтлэл оруулан итгэл олж авсныхаа дараа гэнэт Засгийн газрыг шүүмжилж, эрх баригч намд урам хугарсан тул сонгуульд саналаа өгөхгүй хэмээн бичиж эхэлдэг байна.
Түүнчлэн өөр 260 орчим хаягаар дамжуулан хиймэл оюун ухаанаар (AI) бүтээсэн 2,150 гаруй видеог тараасан нь нийт 2.35 сая сэтгэгдэл, хуваалцалт цуглуулжээ. Эдгээр бичлэгийн ихэнх нь эрх баригч DPP намын бодлого болон улстөрчид, тэр дундаа Тайбэй хотын даргад нэр дэвшиж буй Пума Шэнийг оюутан ахуйдаа бусдыг дээрэлхдэг байсан хэмээн гүтгэж, онилсон байсан аж.
ТАТАР МАЙДАР





Гадаад



