Москва хотын Замоскворецкий дүүргийн шүүхээс ОХУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд асан, Сергей Шойгугийн олон жилийн ойрын холбоотон Руслан Цаликовт улсын хөрөнгө завшсан, мөнгө угаасан болон авлига авсан хэргээр 10 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Түүнчлэн шүүхээс түүнд 500 сая рублийн (ойролцоогоор 6.1 сая ам.доллар) торгууль ногдуулж, төрийн бүх одон медалийг нь хураан, ялаа эдэлж дууссанаас хойш 15 жилийн хугацаанд төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна. Мөн Батлан хамгаалах яаманд учирсан хохирол болох 6.58 тэрбум рубль буюу 80 сая орчим ам.долларыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

зүүн талаас: Р.Цаликов, С.Шойгу
Өдгөө 70 настай Р.Цаликов мөрдөн байцаалтын хугацаанд гэрийн хорионд байсан бөгөөд шүүхийн танхимаас шууд цагдан хоригдсон аж. Түүний өмгөөлөгчид уг шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн бол Р.Цаликов өөрөө гэм буруугүй хэмээн мэдүүлжээ.
ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ГЭРЭЭНЭЭС ЗАВШСАН ХЭРЭГ
Мөрдөн шалгах ажиллагаагаар Р.Цаликов 2017–2024 оны хооронд “Военторг” компаниар дамжуулан Оросын цэргүүдэд дүрэмт хувцас нийлүүлэх төрийн 12 гэрээний үнийг 30–40 хувиар зохиомлоор өсгөн худалдан авч, Батлан хамгаалах яамны хөрөнгийг завшсан болох нь тогтоогджээ.
Шүүхээс түүнд тулгасан зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон ч хөрөнгө завшсан 12 удаагийн, авлига авсан хоёр удаагийн үйлдэл болон мөнгө угаасан хэрэгт буруутайд тооцсон байна. Мөн авлигын орлого болох 50 сая рубль болон “Porsche Macan” авто машин, мотоцикл зэрэг эд хөрөнгийг нь улсын орлого болгон хураахаар болов. Үүнээс өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард шүүх Р.Цаликов болон түүний гэр бүлийнхний Москва болон Хойд Осети дахь 5.5 тэрбум рублийн (67 сая ам.доллар) үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, газрыг хураах шийдвэр гаргаж байсан юм.
С.ШОЙГУГИЙН ОРЛОГЧ НАРЫН ЭЭЛЖИТ ЯЛ
Р.Цаликов нь Онцгой байдлын яамнаас эхлээд Батлан хамгаалах яам хүртэл олон арван жил С.Шойгугийн дор ажилласан бөгөөд 2015–2024 онд Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайдын албыг хашиж байв.

Тимур Иванов
Түүнээс гадна С.Шойгугийн өөр нэг орлогч асан Тимур Иванов 2024 оны дөрөвдүгээр сард авлигын хэргээр баривчлагдаж, улмаар 2025 оны долдугаар сард хөрөнгө завшсан хэргээр 13 жилийн хорих ял сонсож байсан билээ.
ТАТАР МАЙДАР




Гадаад



