Dark Light
Гадаад | 2026-11-26

П.ХЕГСЕТИЙН “АГНАЖ УСТГАХ” УРИАЛГА ЛАТИН АМЕРИКТ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРАВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет өнгөрсөн долоо хоногт Латин Америкийн орнуудад хийсэн шуурхай айлчлалынхаа хүрээнд Колумбын нийслэл Богота хотод очоод “хар тамхины террористууд” хэмээн нэрлэсэн этгээдүүдийг “агнаж устгана” хэмээн амлалаа.

Харин Колумбын Гадаад хэргийн сайд тус улсын газар нутаг дээр цэргийн хамтарсан ажиллагаа явуулахад заавал Конгрессын зөвшөөрөл шаардлагатайг тодорхой мэдэгдэв. Энэхүү яриа хэлэлцээ нь тус айлчлалын гол сургамжийг харууллаа. Тухайлбал, бүс нутгийн олон Засгийн газар үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэхэд АНУ-ын тусламжийг талархан хүлээн авч байгаа ч сэжигтэй этгээдүүдийг “баривчлах” бус, цэргийн хүчээр шууд “устгах” гэсэн П.Хегсетийн хандлагыг олон нийтийн өмнө дэмжих орон цөөн байна. П.Хегсет батлан хамгаалахын шинэ гэрээнүүдтэй буцаж ирсэн ч тэдгээрийн нарийн заалтууд нь Пентагоны сэргээсэн хар тамхины эсрэг “дайн”-д аль улс хэр зэрэг хамтран ажиллахад бэлэн байгаагийн хязгаарыг тодорхой харууллаа.

П.Хегсет бүс нутгийн айлчлалаа Венесуэлд урьдчилан зарлаагүй зогсолт хийснээр эхлүүлж, Венесуэлийн үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгч Дельси Родригесийг байлцуулан тус улсын Батлан хамгаалахын сайд, генерал Гонсалес Лопестой хоёр талын батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зуржээ. Г.Лопес нь өмнө нь Венесуэлийн тагнуулын албыг тэргүүлж байхдаа хүний эрх зөрчсөн хэргээр 2015 оноос хойш АНУ-ын хоригт орсон нэгэн юм. П.Хегсет Венесуэлийг “дуулгавартай аюулгүй байдлын түнш” гэж нэрлэсэн ч Каракас өөрийн газар нутаг дээр АНУ-ын цэргүүд хуурай замын байлдааны ажиллагаа явуулах эсэх асуудлыг нээлттэй орхиж, хамтын ажиллагаа зөвхөн Венесуэлийн бүрэн эрхт байдал, цэргийн удирдлагыг хүндэтгэсэн нөхцөлд л хэрэгжинэ гэж мэдэгджээ.

Дараа нь П.Хегсет Колумб руу нисэж, найман сарын өмнө осолдсон ижил загварын онгоцыг орлуулах зорилгоор хуучин загварын “C-130H” онгоц бэлэглэсэн байна. Гэвч түүний жинхэнэ хүсэж байсан АНУ-Колумбын хамтарсан цэргийн ажиллагааг тус улсын газар нутагт явуулах зөвшөөрөл бүтсэнгүй. Колумбын Гадаад хэргийн сайд Була Эскобар ардчилсан улсад цэргийн хүчийг байлдааны ажиллагаанд урт хугацаагаар оролцуулах шийдвэрийг сайд ч биш, Ерөнхийлөгч ч биш, харин ард түмнээс сонгогдсон хууль тогтоох байгууллага гаргадаг гэдгийг сануулсан юм.

Үүний дараа тэрбээр АНУ-ын Тусгай ажиллагааны хүчнийхэн Конгресст бүрэн мэдэгдэлгүйгээр хуурай замын байлдааны ажиллагаанд аль хэдийн оролцож эхэлсэн Эквадор улсад очжээ. Есдүгээр сарын 24-нд Эквадорын Ерөнхийлөгч өөрөө хар тамхины эсрэг тусгай ажиллагааны үеэр АНУ-ын Тэнгисийн явган цэргийн тусгай хүчнийхэн бай руу гал нээж, баривчилгаа явуулж буй зургуудыг олон нийтэд дэлгэсэн билээ. Улмаар П.Хегсет Гондурас улсад очиж, тус улсын хилийг цэрэгжүүлэх боломж бүхий Үндэсний батлан хамгаалах бүсийн тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан ч тодорхой байршил, цэргийн эрх мэдлийг нь зарлаагүй байна.

Энэ үеэр Вашингтонд Америкийн улсуудын байгууллагын (OAS) гишүүд хуралдаж, 14-2 харьцаатай саналаар (Бразил, Уругвай эсэргүүцэж, Багамын арлууд түдгэлзсэн) үндэстэн дамнасан хар тамхины наймаа, терроризмын асуудлаар 75 хоногийн дотор Гадаад хэргийн сайд нарын уулзалт хийхээр тогтжээ. Гэхдээ уг санал хураалтаар зөвхөн цэргийн бус арга хэмжээ авахыг уриалсан бөгөөд АНУ-ын өмнөх болон ирээдүйн цэргийн ажиллагааг огт зөвшөөрөөгүй юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Мексикийн арми Синалоа мужийн хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Меза Флоресийг АНУ-ын тагнуулын мэдээллийн дэмжлэгтэйгээр баривчилсан ч өөрийн нутаг дэвсгэрт Америкийн байлдааны хүчнийг оруулахгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн хэвээр байна.

Ерөнхийдөө Баруун хагас бөмбөрцгийн Засгийн газрууд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд Д.Трампын засаг захиргаатай хамтран ажиллахад бэлэн байгаа ч ихэнх нь өөрсдийн газар нутаг дээрх үйл ажиллагааг зөвхөн өөрсдийн нөхцөлөөр явуулахыг эрмэлзэж байгаа нь харагдлаа. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум тус улсын нутагт АНУ-ын дроны цохилт хийх саналаас татгалзаж, сэжигтнүүдийг зөвхөн шүүхийн шийдвэрээр баривчлах ёстойг онцолсон бол Бразилын Ерөнхийлөгч Лула да Силва сэжигтнүүдийг буудаж устгах бус, шүүхэд шилжүүлэн гэм буруутай эсэхийг нь тогтоох ёстой гэж мэдэгдэв. Бүс нутгийн ихэнх орнууд тагнуулын мэдээлэл солилцох, логистикийн дэмжлэг авахыг зөвшөөрч байгаа ч бүрэн эрхт нутаг дэвсгэр дээрээ АНУ-ын цэргийн хүчнийг оруулж “ан хийж, хүн устгах”-ыг хүсэхгүй байгаа юм.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Колумбын Агаарын цэргийн хүчинд “C-130” цэргийн тээврийн онгоц хүлээлгэн өгөх ёслолын үеэр хэлсэн үгийг тоймлон хүргэе:

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Колумбын Агаарын цэргийн хүчинд “C-130” цэргийн тээврийн онгоц хүлээлгэн өгөх ёслолын үеэр үг хэлэхдээ, хоёр орны батлан хамгаалахын түншлэл өнөөдөр урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг болсныг онцоллоо.

Тэрбээр үгийнхээ эхэнд Колумбын Агаарын хүчинд нэгдэж буй “C-130” онгоц болон хоёр орны цэргийн алба хаагчид мөр зэрэгцэн зогсож байгаа нь олон арван жилийн түншлэлийн илэрхийлэл гэдгийг тэмдэглээд “Хоёр улсын маань аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд заналхийлж буй дундын дайсан болох хар тамхины террористуудыг устгах үйлсэд манай хоёр Ерөнхийлөгч болон яамд тууштай зүтгэж байна” гэжээ.

П.Хегсет Америкийн картелийн эсрэг эвслийн (ACCC) эрх тэгш гишүүний хувьд АНУ Колумбын түншүүдтэйгээ мөр зэрэгцэн зогсоно гэдгийг батлаад “Манай хот, суурингуудын нэгэн адил танай ард иргэд ч гэмт хэргийн бүлэглэл, хүчирхийлэл, хар тамхины аюулд өртөж байна. Та бүхэн гэр бүлдээ аюулгүй гудамж, хөгжил цэцэглэлтийг хүсэж байгаатай адил бид ч үүнийг хүсэж байна. Гэхдээ энэ бүхнийг танай улсын тогтолцооны хүрээнд, танай Үндсэн хуулийн дор, танай бүрэн эрхт хил хязгаарын дотор хэрэгжүүлэх болно” хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр өнөөдөр хүлээлгэн өгч буй “C-130” онгоц бол зөвхөн эхлэл гэдгийг дурдаад, тагнуулын мэдээлэл, нисэх хүчин, логистик зэрэг Колумбын зэвсэгт хүчинд шаардлагатай бүх чадавхыг нийлүүлж, картелиудыг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр илрүүлж, таслан зогсоож, ялан дийлэхэд туслахаа амлав. Мөн тэрбээр Колумбын Батлан хамгаалахын сайдад хандан “Бид та бүхэнд өөр юугаар тусалж чадах вэ?” хэмээн асуусан байна.

Түүнчлэн П.Хегсет АНУ өөрийнхөө дотоодод ч гэмт хэрэг, хар тамхины эсрэг хатуу тэмцэж байгааг онцолж, баруун өмнөд хил дээрээ 12,000 америк цэрэг байрлуулснаар хууль бус шилжилт хөдөлгөөн, хар тамхи, хүчирхийллийн урсгалыг таслан зогсоож байгааг дурдлаа. Хэрэв улс орон өөрийн хил хязгаар, бүрэн эрхт байдлаа хянаж чадахгүй бол тусгаар тогтносон улс байж чадахгүй гэдгийг тэрбээр сануулаад, АНУ-ын хилээс эхлэн Төв болон Өмнөд Америк, Колумб хүртэл үргэлжилсэн гэмт хэргийн сүлжээний цоорхойг бүс нутгийн орнууд хамтран хаах ёстойг уриалсан байна.

Төгсгөлд нь тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампын мэндчилгээг Колумбын Ерөнхийлөгчид уламжилж, хоёр орны цэргүүд болон хамтын тэмцэлд амжилт хүсэн үгээ өндөрлөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08