АНУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, инфляц өссөний зэрэгцээ Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас шинэ татвар ногдуулахаар зарласан нь хөрөнгө оруулагчдыг хувьцаа болон крипто хөрөнгөө зарахад хүргэж, Лхагва гарагийн (2026.11.25) өглөө биткойны ханш 58,000 ам.доллароос доош уналаа.
Арилжааны эхэнд технологийн “Nasdaq Composite” индекс 4.3 хувиар, “S&P 500” индекс 3 хувиар унаж, чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн хувьцаа 8.7 хувиар буурсан байна. Уолл Стрит дэх энэхүү уналт криптовалютын зах зээлд нөлөөлснөөр биткойны ханш тухайн өдрийн хамгийн доод цэг болох 57,500 ам.долларт хүрчээ.
Сонирхолтой нь, асуудлын нэг хэсэг нь АНУ-ын эдийн засаг хүлээлтээс илүү сайн байгаатай холбоотой юм. АНУ-ын Эдийн засгийн шинжилгээний товчооноос гуравдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) жилийн өсөлтийн таамгийг 3.4 хувиас 4.3 хувь болгон ахиулсан нь хоёрдугаар улирлын 2.2 хувиас бараг хоёр дахин өндөр үзүүлэлт болов. Гэвч Холбооны нөөцийн сангийн (ХНС) голчлон хардаг Хувийн хэрэглээний зардлын үнийн индекс (PCE) аравдугаар сард жилийн дүнгээр 3.8 хувьд хүрсэн нь есдүгээр сарын 3.6 хувиас өсөж, тавдугаар сард тогтоосон сүүлийн гурван жилийн дээд түвшинтэй зэрэгцсэн байна. Харин хүнс, эрчим хүчний үнийг хассан суурь инфляц 3.3 хувьд хүрчээ.
“Navy Federal Credit Union”-ийн ерөнхий эдийн засагч Хизер Лонг AFP агентлагт өгсөн ярилцлагадаа “Америкийн инфляцын асуудал зөвхөн эрчим хүчний шокоос хамаагүй том байна” хэмээн мэдэгдэв. Эдийн засаг өсөлттэй байгаа нь ХНС-д инфляцыг зорилтот 2 хувь руу буцаахын тулд зээлийн хүүг өсгөх илүү их орон зайг олгож байгаа юм. Лхагва гарагийн инфляцын тайлангийн дараа хөрөнгө оруулагчид ирэх арванхоёрдугаар сард бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөх магадлалыг 98 хувь гэж тооцоолж байсан бол өнөөдөр энэ магадлал 94 хувьтай байна. ХНС өнгөрсөн есдүгээр сард гурван жилийн хугацаанд анх удаа хүүгээ өсгөсний дараа аравдугаар сард 3.75–4 хувийн түвшинд хэвээр хадгалсан бөгөөд зах зээл 2027 оны нэгдүгээр сард дахин хүү өсгөнө гэж таамаглаж байна.
Д.Трампын татвар ба AI хувьцааны ээлжит уналт
Үүний зэрэгцээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятад, Европын Холбоо, Япон, Өмнөд Солонгос зэрэг 14 эдийн засагт шинэ татвар ногдуулахаар санал болгоод байна. Уг саналаар Хятадын зарим импортын бараанд 20 хувь хүртэл, Вьетнамын бараанд 35 хувь хүртэл, Европын Холбоонд 15 хувийн татвар ногдуулахаар тусгасан бөгөөд нэгдүгээр сарын 25-нд олон нийтийн сонсгол эхэлсний дараа хэрэгжиж эхлэх юм. Хэрэв импортлогчид энэ нэмэлт зардлыг хэрэглэгчдэд шилжүүлбэл ХНС-ийн инфляцыг бууруулах ажил улам хүндэрнэ.
Мөн Женсен Хуан “Nvidia”-гийн удирдлагад эргэн ирсэнтэй холбоотой Уолл Стритийн баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Тус компанийн хувьцаа Даваа гарагт 31.5 хувиар өссөн ч Мягмар гарагт 6 гаруй хувиар унасан бол хиймэл оюун ухааны “Anthropic” компанийн хувьцаа хөрөнгийн биржид анх гарснаасаа хойш долоо хоног ч хүрэхгүй хугацаанд анхны үнээсээ (83 ам.доллар) буурч 81.91 ам.доллар болжээ. Өндөр хүү нь дата төвүүдийг санхүүжүүлэх зардлыг нэмэгдүүлж, олон жилийн дараа олох ашгийн өнөөгийн үнэ цэнийг бууруулдаг тул AI компаниудад хүнд цохилт болж байна. Энэхүү уналт Уолл Стрит нээгдэхээс ч өмнө эхэлж, Өмнөд Солонгосын “Kospi” индекс 6.16 хувиар буурсан бол унц алтны спот ханш 2 хувиар унаж 3,483.59 ам.доллар болжээ.
Крипто хөрөнгө оруулагчдын нөхцөл байдал Лхагва гарагийн эдийн засгийн мэдээ гарахаас өмнө ч хүнд байсан юм. Блокчейн судалгааны “Glassnode” компанийн мэдээлснээр, биткойн хөрөнгө оруулагчид 2022 оны арваннэгдүгээр сард “FTX” бирж дампуурснаас хойших хамгийн их алдагдлыг хүлээж байна. Түүнчлэн АНУ-ын спот биткойн ETF сангуудаас энэ арваннэгдүгээр сард нийт 4.94 тэрбум ам.долларын хөрөнгө цэврээр гадагшилсан нь 2024 оны нэгдүгээр сард уг сангууд байгуулагдсанаас хойших хамгийн муу сар болоод байна. Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн дараагийн шийдвэр арванхоёрдугаар сарын 9-нд гарна.
ТАТАР МАЙДАР





Эдийн засаг



