АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуангийг АНУ-ын аюулгүй байдалд заналхийлэл учруулахгүй хэмээн мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа нэгэн гол асуулт хариултгүй үлдээд байна: Ж.Хуангийн амрагийн холбоотой байсан эмэгтэй Хятадын тагнуулч байсан уу?
Нэрээ нууцлахыг хүссэн, энэ асуудлыг сайн мэдэх таван эх сурвалжийн мэдээлснээр, Цагаан ордон, Холбооны мөрдөх товчоо (FBI) болон Тагнуулын төв газрын (CIA) үндэсний аюулгүй байдлын өндөр албан тушаалтнууд “Nvidia”-гийн томоохон харилцагч байгууллагын удирдах ажилтан асан Элис Хуанг Хятадын тагнуулын гол байгууллагад ажиллаж, мэдээлэл дамжуулж байсан эсэхийг тогтоохоор сүүлийн өдрүүдэд маргаан өрнүүлжээ.
Тагнуулын мэдээлэлтэй танилцсан хоёр эх сурвалжийн хэлснээр АНУ Элис Хуанг болон түүний Хятадын Улсыг аюулаас хамгаалах яамтай холбоотой хүмүүстэй харилцаж байсан талаарх тагнуулын мэдээллийг цуглуулсан бөгөөд энэ тухай CIA зэрэг хэд хэдэн тагнуулын агентлагийн тайланд олон сарын турш дурдагдаж байсан аж. Гэвч FBI, CIA болон Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зэрэг гол албан тушаалтнууд үндсэн баримтууд дээр санал нэгдэж байгаа ч АНУ-ын тагнуулын албадын цуглуулсан мэдээллийн утга агуулгыг өөр өөрөөр тайлбарлаж байна.
Таван эх сурвалжийн мэдээлснээр Ж.Хуангийг “Nvidia”-гаас огцруулахаас өмнө эдгээр зөрүүтэй байр суурийг засаг захиргааны дотоодод албан ёсоор хэлэлцэж, мэтгэлцээгүй байжээ. Гурван эх сурвалжийн үзэж байгаагаар Ж.Хуангийг “Nvidia”-гийн Гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилохыг шаардсан Д.Трампын шийдвэрийг ойлгоход эдгээр баримтын тайлбар маш чухал бөгөөд “Nvidia” болон Ерөнхийлөгчийн үйлдлийг шалгах Конгрессын аливаа мөрдөн шалгах ажиллагаанд энэхүү тагнуулын мэдээлэл гол цөм нь болох төлөвтэй байна.
Сөрөг тагнуулын мөрдөн байцаалтыг хариуцдаг FBI саяхны танилцуулгууддаа АНУ-ын тагнуулын мэдээллээр Элис Хуангийг Хятадын тагнуулын ажилтан эсвэл мэдээлэгч гэдгийг нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн байна. Харин CIA-ийн байр суурь арай илүү нарийн төвөгтэй бөгөөд тус агентлаг түүнийг үндэсний аюулгүй байдлын нууц мэдээлэл эзэмшиж байсан эсвэл Хятадад дамжуулсан гэдгийг тайлангууд тодорхой харуулахгүй байгаа ч шинэ нотлох баримт гарч ирэх магадлалыг нээлттэй үлдээсэн гэж үзжээ. Зарим албаны хүмүүс АНУ-ын тагнуулын мэдээллээр түүнийг мэдээлэл дамжуулсан нь харагдахгүй байсан ч Хятадын тагнуулын байгууллагатай холбоо тогтоосон нь Бээжинтэй хамтран ажиллаж байсны шинж тэмдэг гэж үзэж байна. Түүнчлэн энэ оны эхээр Марко Рубиогийн бичсэн нууц санамж бичигт Хятадын Улсыг аюулаас хамгаалах яам Хуаныг мэдээлэгчээр элсүүлсэн байж болзошгүй гэж дурдсан тухай өмнө нь “New York Times” сонин мэдээлж байсан билээ.
Цагаан ордон, CIA, FBI болон Төрийн департамент энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Женсен Хуан эхнэртээ үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан ч амрагийн харилцааныхаа талаар олон нийтэд дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байгаа бол Хятад улс тагнуулын буруутгалыг няцаагаад байна.
ТАГНУУЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ӨРГӨН ХҮРЭЭНД ХУВААЛЦАХГҮЙ БАЙНА
АНУ-ын тагнуулын мэдээллийг ийнхүү өөр өөрөөр тайлбарлаж байгаа нь Д.Трампын засаг захиргаанд тулгараад буй нэгэн асуудлыг харуулж байна гэж одоогийн болон хуучин тагнуулын ажилтнууд үзэж байна. Тухайлбал, нууц мэдээллийг тагнуулын байгууллагуудын дотоодод өмнөхөөсөө бага хуваалцаж, хэлэлцэх болжээ. Д.Трампын бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш цомхотголд орсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өмнөх засаг захиргааны үеийнхээс цөөн хуралдаж байгаа бөгөөд Хуан болон “Nvidia”-гийн асуудлаар өөр өөр агентлагийн сайд нарын түвшний уулзалт огт хийгээгүй байна.
CIA-ийн дүн шинжилгээгээр Хятадын иргэн Элис Хуанг нь иргэдийг улсынхаа тагнуулын байгууллагатай хамтран ажиллахыг шаарддаг Хятадын хуулийн дагуу тагнуулын албатай холбоотой байсан аж. CIA-ийн тайлан голчлон Элис Хуангийн өмнө нь ажиллаж байсан “Megaspeed” компани дахь үүрэг оролцоо болон Америкийн чипүүдийг Хятад руу хууль бусаар шилжүүлсэн явдалд төвлөрсөн бөгөөд олон албаны хүмүүс “Nvidia”-гийн гүйцэтгэх захирлын амрагийн явдлаас илүүтэй эдгээр үйлдэл нь үндэсний аюулгүй байдалд илүү том аюул заналхийлэл учруулж байна гэж маргаж байжээ. Харин “Megaspeed” компани АНУ-ын экспортын хяналтыг дагаж мөрдөн, хууль ёсны бизнес эрхэлдэг гэж мэдэгдсэн юм.
ЗӨРЧИЛДӨӨНТЭЙ БАЙР СУУРЬ
Энэ сарын эхээр “Nvidia”-гийн Төлөөлөн удирдах зөвлөл Ж.Хуангийг огцруулах үед засаг захиргааны албаны хүмүүс Рубиогийн санамж бичгийн талаарх мэдээлэлтэй зөрчилдсөн мэдэгдэл хийж байв. Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс болон Д.Трамп нар Ерөнхий прокурор Тодд Бланштай ярилцсаныхаа дараа тус компанийн гүйцэтгэх захирлыг үндэсний аюулгүй байдалд аюул учруулахгүй гэж тогтоосон хэмээн мэдэгдсэн бол Үндэсний тагнуулын газрын захирал Жей Клейтон Элис Хуанг Хятадын тагнуулын албаны мэдээлэгч байсан эсэх нь тодорхойгүй гэжээ.
“New York Times” сонин уг нууц санамж бичгийн талаарх мэдээллийг нийтэлсний дараа засаг захиргааны дотор болон “Nvidia”-гийн ТУЗ-ийн гишүүдийн дунд ихээхэн шуугиан дэгдэж, Ж.Хуанг Хятадад мэдээлэл дамжуулж байсан хүнтэй амрагийн холбоотой байснаа мэдэж байсан эсэхэд эргэлзэж эхэлсэн байна. Улмаар Д.Трамп Вэнс, Бланш, Клейтон нарыг дуудаж, Ж.Хуанг мөрдөн шалгагдаж байгаа эсэх болон АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн аюул заналхийлэл байгаа эсэхийг шахаж асуухад Бланш түүнийг ямар ч аюулгүй гэж хариулжээ. Харин Марко Рубио эдгээр яриа хэлэлцээнд оролцоогүй бөгөөд Ж.Хуангийг албан тушаалд нь эргүүлэн томилсон явдал түүний хувьд гэнэтийн зүйл болсон байна.
ТАТАР МАЙДАР





Гадаад


