Америкийн бизнесмен Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд сансар судлалын “SpaceX” компанийн хоёр ширхэг хувьцаа бэлэглэхээр амлалаа. Нэг үнэт цаасыг тус компани өөрөө олгох бол хоёр дахийг нь тэрбумтан хувиасаа шилжүүлж өгнө хэмээн тэрбээр X нийгмийн сүлжээнд мэдэгджээ.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 25-нд “SpaceX” компани идэвхтэй ажиллаж буй хөрөнгө оруулалтын “Trump Account” данс бүрд А ангиллын нэг ширхэг шинэ энгийн хувьцаа шилжүүлэх бодолтой байгаагаа зарласан байна. Харин Илон Маск өөрийн зүгээс компанийн олгож буй хувьцааны тоог өөрийн хөрөнгөөр хоёр дахин нэмэгдүүлэхээ амлажээ. АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээллээр тус улсын 0–17 насны 73 сая орчим хүүхэд бүрд Илон Маск болон “SpaceX” компаниас ийнхүү тус бүр 2 ширхэг хувьцаа олгоно гэж тооцвол нийт 146 сая орчим ширхэг хувьцаа шаардлагатай болно гэсэн үг юм.
Хувьцааны үнэ ба компанийн үнэлгээ хэд вэ?
“SpaceX” нь одоогоор хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэй арилжаалагддаггүй хувийн компани тул өдөр тутмын биржийн ханш байхгүй. Гэсэн хэдий ч сүүлийн үед хийгдсэн ажилчдын хувьцааг эргүүлэн худалдан авах дотоод арилжаа болон хаалттай зах зээлийн хэлцлүүдээр тус компанийн нийт үнэлгээ хэдэн зуун тэрбум ам.долларт хүрч, нэгж хувьцааны ханш нь 185–200 гаруй ам.долларын орчимд (хувьцаа хуваагдлын дараах ханшаар) үнэлэгдэж байгаа юм.
Түүнчлэн “SpaceX” компанийн “Starlink” хиймэл дагуулын интернэтийн бизнесийг тусад нь салган хөрөнгийн биржид гаргах (IPO) хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд өндөр байгаа тул тус компанийн хувьцаа нь ирээдүйд үнэ цэн нь өсөх хамгийн эрэлттэй хөрөнгө оруулалтын нэгд тооцогддог. Иймд хүүхэд бүрд олгох хоёр хувьцаа нь өнөөдрийн ханшаар хэдэн зуун ам.долларын үнэлгээтэй ч тэднийг насанд хүрэх үед хэд дахин өсөх боломжтой бодит хуримтлал болж байгаа юм.
Энд Америкийн хүүхдүүдийн урт хугацааны хуримтлалыг бий болгох зорилготой, татварын хөнгөлөлттэй тусгай хөрөнгө оруулалтын дансны тухай яригдаж байгаа бөгөөд Илон Маскийн хувиасаа бэлэглэхээр төлөвлөж буй бүх хувьцаа зөвхөн эдгээр дансаар дамжин хуваарилагдах эсэх, мөн хүлээн авсан үнэт цаасыг худалдах тал дээр ямар нэгэн хязгаарлалт тавих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Өмнө нь аравдугаар сард тэрбээр АНУ-ын хүүхэд бүрд “SpaceX”-ийн нэг хувьцаа шилжүүлэхээр амлаж байсан билээ. Мөн “SpaceX” компанийн Ерөнхийлөгч бөгөөд үйл ажиллагаа хариуцсан захирал Гвинн Шотвелл өөрийн эзэмшлийн 2 сая гаруй хувьцааг шилжүүлэхээ зарлажээ. Уг хөтөлбөрийн хэрэгжилт нь санхүүгийн зохицуулах байгууллагуудаас шаардлагатай зөвшөөрөл авахаас мөн хамаарах аж.
ТАТАР МАЙДАР






Гадаад



