Dark Light
Гадаад | 2026-11-26

ТРАМП БОЛОН НАТО-ГИЙН ТЭРГҮҮН НАР ДАЙНЫГ ӨРГӨЖҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ОРОСТ УРИАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | AA Photo

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар Лхагва гарагт (2026.11.25) Флорида мужид уулзсаныхаа дараа хамтарсан мэдэгдэл гаргаж, Орос улс Украин дахь дайныг өргөжүүлэх аливаа үйлдлээс зайлсхийх ёстойг онцоллоо. Тэд уулзалтын үеэр мөн Ираны дайны асуудлыг хэлэлцсэн байна.

Америкийн барууны холбоотнуудыг шүүмжилдэг Бүгд найрамдах намын удирдагч Д.Трамп өнгөрсөн долоо хоногт Азид айлчлахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзаж, тэднийг тус бүрийг нь өөрийн “найз” хэмээн нэрлэсний дараа ийнхүү НАТО-гийн тэргүүнтэй уулзаж байгаа юм.

Удирдагчид хамтарсан мэдэгдэлдээ “Орос улс дайныг санаатай болон санамсаргүй байдлаар өргөжүүлэх аливаа үйлдлээс зайлсхийх нь чухал болохыг, мөн дайныг аль болох хурдан энхийн замаар шийдвэрлэх нь нэн чухал гэдгийг бид хэлэлцлээ” хэмээн дурджээ.

Д.Трамп В.Путинтай уулзсан нь АНУ-ын дотоод дахь сөрөг хүчин болох Ардчилсан намынхан болон Европын холбоотнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд Европын орнууд Украины дайныг дуусгах АНУ-ын дэмжлэгтэй яриа хэлэлцээнд өөрсдийг нь оролцуулахыг шаардаж байгаа билээ. Харин НАТО-гийн дотоод хурцадмал байдлыг намжааж, Д.Трампыг өөрсдийн талд барихыг удаа дараа хичээж ирсэн М.Рютте цөмийн томоохон гүрнүүдийн удирдагчид уулзах нь хэвийн үзэгдэл хэмээн мэдэгдсэн юм.

Мэдэгдэлд дурдсанаар М.Рютте, Д.Трамп нар АНУ болон НАТО-гийн хэмжээнд батлан хамгаалахын зардал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар мөн ярилцжээ. Уулзалтын гол сэдэв нь Украины дайн болон АНУ-Израилийн Ираны эсрэг явуулж буй дайн байсан ч Ираны талаар чухам юу хэлэлцсэнийг тодорхой дурдаагүй байна.

Д.Трампын шүүмжлэлд өртөөд буй Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энхийн хэлэлцээнд Европыг заавал оролцуулах ёстой гэж мэдэгдээд байгаа. Д.Трамп НАТО-гийн батлан хамгаалах зардал, худалдааны тариф болон Ираны эсрэг дайнд хангалтгүй дэмжлэг үзүүлж байна гэх зэрэг асуудлаар Вашингтоны барууны болон ардчилсан холбоотнуудыг олонтаа шүүмжилдэг билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08