АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй гаргасан хамтарсан мэдэгдлийн үг хэллэгийг цахим сүлжээний нийтлэлдээ өөрчилж, зөвхөн Орост хандсан дайныг өргөжүүлэхгүй байх уриалгад Украиныг нэмж оруулсныг Hromadske мэдээллээ.
Д.Трамп, М.Рютте нар арваннэгдүгээр сарын 25-нд Флорида дахь Мар-а-Лаго өргөөнд уулзаж, Орос-Украины дайн, Ираны мөргөлдөөн болон батлан хамгаалахын зардлын талаар хэлэлцсэн юм.
АНХНЫ БА ӨӨРЧЛӨГДСӨН МЭДЭГДЛИЙН ЯЛГАА
Цагаан ордон болон НАТО-гийн зүгээс гаргасан албан ёсны анхны хамтарсан мэдэгдэлд:
“Орос улс дайныг санаатай болон санамсаргүйгээр өргөжүүлэх аливаа үйлдлээс зайлсхийх, мөн дайныг аль болох хурдан энхийн замаар шийдвэрлэхийн чухлыг бид мөн хэлэлцлээ” хэмээн дурдсан байв.
Гэвч хэдхэн цагийн дараа Д.Трамп өөрийн “Truth Social” хуудсандаа уг мэдэгдлийн өөрчилсөн хувилбарыг мөн л хамтарсан мэдэгдэл хэмээн нийтлэхдээ:
“Орос болон Украин дайныг санаатай болон санамсаргүйгээр өргөжүүлэх аливаа үйлдлээс зайлсхийх, мөн дайныг аль болох хурдан энхийн замаар шийдвэрлэхийн чухлыг бид нухацтай ярилцлаа” гэж бичжээ.
Нэрээ нууцалсан НАТО-гийн албаны хүн анхны хувилбарыг хоёр тал албан ёсоор тохиролцсон байсныг баталсан бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдэгдэл нь Украины дайны газарзүйн хүрээг тэлэх оролдлогод хамаарна хэмээн тайлбарласан байна.
УКРАИН АНУ-ЫН ТӨВИЙГ САХИХ БАЙР СУУРИНД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА
Энэ үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский BBC News Ukrainian-д өгсөн ярилцлагадаа АНУ дайныг зогсоох хэлэлцээрт зөвхөн төвийг сахисан зуучлагчийн байр сууринаас хандах боломжгүйг онцолжээ. Тэрээр түрэмгийлэгчийн өмнө төвийг сахихыг оролдох нь түрэмгийлэгч болон хохирогчийн аль алиныг нь дэмжиж буй хэрэг болно гээд, Вашингтоныг Орост шахалт үзүүлэхийг уриалсан байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад


