Лос Анжелес Лейкерсийн домогт тоглогч Коби Брайантын дебют тоглолтод өмссөн өмсгөл Sotheby's-ийн дуудлага худалдаагаар 7 сая ам.долларын үнэд хүрч, НБА-гийн дурсгалт эд зүйлсийн хамгийн өндөр үнэтэй худалдан авалтуудын нэг боллоо.
Тус өмсгөл нь Коби Брайантын 1996-97 оны улиралд буюу НБА-д 18 настайдаа анх удаа оролцсон үедээ өмсөж байсан бөгөөд тэрээр тухайн тоглолтод Миннесота Тимбервулвзын эсрэг зургаан минут тоглож, шидэлт амжилтгүй болж ямар ч оноо авалгүй тоглолтоо өндөрлүүлсэн байна.
Энэ өмсгөл нь 2020 онд охин Жианна болон өөр долоон хүний хамт нисдэг тэрэгний ослоор амь насаа алдсан Коби Брайантын анхны тоглолтын түүхэн дурсгалт эд зүйл бөгөөд өмнө нь 5.85 сая ам.доллараар зарагдсан түүний 2007-08 оны улиралд MVP шагнал хүртсэн, гарын үсэгтэй жерсигийн борлуулалтын дээд амжилтыг давж гарсан байна.
Энэхүү дебют өмсгөл нь спортын түүхэн дэх хамгийн үнэтэй дөрөв дэх өмсгөл болж байгаа бөгөөд тэргүүлж буй өмсгөлүүдийн дунд Бэйб Рүтийн “called shot” өмсгөл (24 сая ам.доллар), Майкл Жорданы 1998 оны финалын өмсгөл (10.1 сая ам.доллар), мөн Диего Марадонагийн 1986 оны Дэлхийн аваргад өмссөн Аргентины өмсгөл (9.3 сая ам.доллар) багтаж байна.
Эх сурвалж
| CNN
|