Мөн тус компани Оюу Толгойн уурхай дахь хамгийн том төслөө эхлүүлээд байна.
Уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч Thiess компани Монгол Улсын уул уурхайн томоохон түшиц газрууд болох Оюу Толгой болон Ухаа Худаг уурхайнуудад таван жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулах хоёр чухал гэрээг үзэглэлээ.
Оюу Толгойн гэрээ: Дэлхий даяарх хамгийн том гүний уурхайн төсөл болно
Thiess компани нь “Тийсс-Хишиг Арвин Жейви ХХК” (TKAJV) хамтарсан компаниараа дамжуулан Рио Тинто (Rio Tinto) компанийн удирддаг Оюу Толгойн гүний уурхайн олборлолт, бэхэлгээний ажил болон блокчлон нураах (block cave) дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хариуцан ажиллахаар болсон байна.
-
Ажлын байр нэмэгдэнэ: Уг гэрээний хүрээнд ойрын саруудад 110 гаруй шинэ ажлын байр бий болох бөгөөд гэрээний хугацаа дуусахад ажилчдын тоо 800-д хүрэх төлөвлөгөөтэй байна.
-
Түүхэн амжилт: Энэ нь “Тийсс” компанийн хувьд дэлхий даяар хэрэгжүүлж буй хамгийн том гүний уурхайн үйл ажиллагаа болох юм. Тус компани нь Оюу Толгойн уурхайд 2016 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.
Ухаа Худгийн гэрээ: Баяжуулах үйлдвэрийн менежментийг хариуцна
Мөн тус компани Energy Resources компанитай тусдаа гэрээ байгуулж, Ухаа Худаг уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэрийн (CHPP) хөрөнгийн менежмент, техникийн дэмжлэг, нийлүүлэлтийн сүлжээ болон үйлдвэрийн үр ашигтай ажиллагааны төлөвлөлтийг хариуцаж ажиллахаар тохиролцжээ.
Thiess компанийн Гүйцэтгэх захирал Майкл Врайт (Michael Wright) хэлэхдээ: "Эдгээр гэрээнүүд нь манай үйлчлүүлэгчид бидэнд хэр зэрэг итгэдэг болохыг харуулж байна. Бид Монгол дахь орон нутгийн боловсон хүчин, дэлхийн жишиг туршлага дээрээ тулгуурлан шинэ ажлын байр, карьерын олон боломжуудыг нээж байгаадаа баяртай байна" хэмээн онцолсон байна.
Дашрамд дурдахад, Thiess компани нь Монголын зах зээлд анх 2007 онд хөл тавьсан бөгөөд түүнээс хойш уул уурхайн олборлолт, техникийн засвар үйлчилгээний чиглэлээр олон төслийг амжилттай хэрэгжүүлж иржээ.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



