Dark Light
Эдийн засаг | 2026-11-16

СИБИРСКИЙ ЭКОНОМИСТ: МОНГОЛ, ОРОС УЛСУУД КАТОДЫН ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨНӨ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | file

МОНГОЛ УЛС ЗЭСЭЭ ХЯТАД ТЕХНОЛОГИОР ХАЙЛУУЛАХААР БОЛОВ

Монголын ууган үйлдвэр “Эрдэнэт” бүх л үйл ажиллагааныхаа турш гаднын үйлдвэрүүдийг түүхий эдээр хангаж ирсэн билээ. Баяжмал нь эхлээд Зөвлөлт Холбоот Улс руу, дараа нь Хятад руу ачигдаж, харин өөрийн гэсэн зэс хайлуулах үйлдвэртэй болох тухай яриа төлөвлөгөөт эдийн засаг болон хэд хэдэн үеийн удирдагчдыг элээсэн юм. Одоо л нэг үйлдвэр босох шинжтэй болсон агаад технологи, гүйцэтгэгч, тэр ч байтугай бүтээгдэхүүнийх нь гол худалдан авагчийг өмнөд хилийн цаанаас олжээ. 

Арваннэгдүгээр сарын 11-нд Монголын Засгийн газраас төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд гэрээний эцсийн төслийг удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулна гэдгийг мэдээллээ. Түншээр Хятадын төрийн өмчит "China Nonferrous Metal Mining" группт багтдаг NFC компанийг сонгосон байна. 772 сая ам.долларын өртөгтэй уг үйлдвэр жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал хэлэлцээг дуусгах хугацааг өнгөрсөн аравдугаар сард тогтоохдоо арваннэгдүгээр сарын эцэс гэхэд дуусгах үүрэг өгч байв. 

Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажиллагаа зургаадугаар сард болсон юм. Төслийн мэдээллийг 20 гаруй орны 55 компанид илгээснээс долоон улсын 13 компани саналаа ирүүлж, эцсийн шатанд Хятадын гурван компани болон Швейцарын "Glencore" тунан үлдсэн байна. Ялагчийг нэгдүгээр улирлын эцэс гэхэд тодруулахаар төлөвлөж байсан ч хугацаа нь хоёр сар гаруйгаар хойшилжээ. 

NFC нь энэ салбарт шинэ тоглогч биш юм. Монголын Засгийн газрын мэдээллээр тус компани дэлхийн зэс хайлуулах хүчин чадлын 35 хувь, Хятадын нийт хүчин чадлын 70 хувийг бүрдүүлдэг төслүүдэд оролцсон туршлагатай. Тэд Казахстанд "KAZ Minerals" компанитай 1.41 тэрбум ам.долларын өртөгтэй зэс хайлуулах үйлдвэр барих гэрээ байгуулсан бол Вьетнамд барьсан үйлдвэрээс нь Хятадын зэс хайлуулах технологийн экспорт эхэлж байжээ. 

ХЯТАДЫНХ БОЛСОН ТҮҮХ БА ОРОСЫН ӨРСӨЛДӨӨН

Тус комбинатыг ЗХУ болон Монгол хамтран барьж, баяжуулах фабрикийн эхний ээлжийг 1978 онд ашиглалтад оруулсан байдаг. Тэр үеэс л Эрдэнэтэд зөвхөн уулын баяжуулах бус, металлургийн цогцолбор ажиллах ёстой гэж үздэг байв. 1987 онд Москвагийн "Гипроцветмет" институт хайлуулах үйлдвэрийн анхны судалгааг хийж, 1989 онд салбарын яам барих нь зүйтэй гэж үзжээ. 

Энэ хугацаанд тус үйлдвэр Зөвлөлтийн Ванюковын зуухнаас эхлээд Канад, Австрали, Финландын бараг бүх технологийг судалж үзсэн байна. Улмаар 2014 онд хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлаараа хамгийн хямд хэмээн Хятадын ENFI институтийн SKS технологи дээр тогтжээ. Хожим ENFI өөрөө тендерт оролцсон консорциумын бүрэлдэхүүнд орсон ч NFC-д ялагдсан юм. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр хятад хөрөнгө оруулагчтай болохоосоо өмнө аль хэдийнээ хятад технологитой болчихсон байв. 

Хугацаа байнга л хойшилж ирсэн. 2019 оны ТЭЗҮ-ээр үйлдвэрийг 762 сая ам.доллароор үнэлж, 2024 онд удирдлагууд нь 2027 он гэхэд барьж дуусгана хэмээн амлаж байсан бол 2026 оны хавар Эрдэнэтийн үйлдвэрлэлийн паркийн төслийн удирдагч барилгын ажилд 30 сар шаардлагатай гэж ярьж байв. Гэрээ хараахан зурагдаагүй тул ашиглалтад орох албан ёсны огноо одоо ч тодорхойгүй хэвээр байна. 

Нэгэн цагт Орос улс ч Эрдэнэтийн зэсийг хайлуулахаар төлөвлөж байв. 2016 онд Өвөр Байгалийн хязгаарын захиргаа, "Атомредметзолото" болон "Ростех"-ийн охин компани Краснокаменск хотод хоёр тэрбум ам.доллароор зэс хайлуулах үйлдвэр барихаар тохиролцсон юм. Түүхий эдээ Эрдэнэтээс, хожим нь Удоканаас авахаар тооцож, 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байлаа. Гэвч мөн онд "Ростех" "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголын хувийн компанид 400 орчим сая ам.доллароор зарснаар Краснокаменскийн төсөл зогссон байна. 

Өвөр Байгалийн зэс эцэст нь хайлуулах үйлдвэргүйгээр асуудлаа шийджээ. Өнгөрсөн есдүгээр сард Удоканд уламжлалт хайлуулалтгүйгээр катодын зэс гаргадаг гидрометаллургийн үйлдвэр ашиглалтад орсон бөгөөд эхний ээлжинд жилд 150 мянган тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай. Орос улс Хятадын импортолж буй катодын зэсийн тавны нэгийг нийлүүлдэг бөгөөд 2026 оны эхний есөн сард нийлүүлэлт нь 13 хувиар өсөж 293.5 мянган тоннд хүрчээ. Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтад ормогц Өвөр Байгал болон Монголын катодын зэс нэг худалдан авагчийн төлөө өрсөлдөх болно. 

ХУВЬ ЭЗЭМШИЛ, ЭРЧИМ ХҮЧ БА БИЕ ДААСАН БАЙДЛЫН СОРИЛТ

Зэс хайлуулах үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөж харьцангуй даруухан буюу дотоод өгөөжийн түвшин нь ердөө 6-7 хувь байдгийг "Эрдэнэт"-ийн удирдлагууд нээлттэй хүлээн зөвшөөрдөг. Харин ашгийг дараагийн шатны боловсруулалт буюу утас, кабель, хоолой болон зэсийн нунтаг үйлдвэрлэлээс олохоор тооцож байна. 

Одоогийн хамгийн гол асуудал нь үйлдвэр барих эсэх бус, харин хэний өмч байх вэ гэдэгт оршиж байна. Яг одоо үргэлжилж буй хэлэлцээгээр хувь эзэмшил, санхүүжилт болон барилгын нөхцөлийг хуваарилж байгаа аж. Монголын тал барилгын гүйцэтгэгчийг хувь нийлүүлж, эрсдэлээ хуваалцахыг шаардаж байгаа бол үйлдвэрийн удирдлагууд 51 хувиа "Эрдэнэт"-д үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хэрэв үлдсэн хувийг NFC авбал хагас зуун жилийн турш Зөвлөлт-Монголын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг байсан комбинатын боловсруулах үйлдвэрийн хамтран эзэмшигч нь Хятадын компани болох юм. 

Мөн эрчим хүчний асуудал бий. Тус үйлдвэрт зориулж тусдаа цахилгаан станц барихгүй бөгөөд шаардлагатай 120 мегаватт орчим эрчим хүчийг комбинатыг тэжээдэг одоогийн системээс авна. Өвөл бүр эрчим хүчний дутагдалд орох эрсдэлтэй тулгарч, цахилгааны тодорхой хэсгийг Оросоос худалдан авдаг улсын хувьд энэ нь мэдэгдэхүйц нэмэлт ачаалал болох юм. 

Тэр ч байтугай хайлуулалтын дагалдах бүтээгдэхүүн хүртэл өмнөд хөршөөс хамааралтай. Үйлдвэрээс гарах хүхэрлэг хийг ENFI-ийн патентлагдсан технологиор энгийн хүхэр болгон хувиргаж, жилд найман сая орчим тонн хүхэр импортолдог Хятад руу экспортлохоор төлөвлөжээ. Учир нь Монголын дотоодод хүхрийн хүчил болон түүний дагалдах бүтээгдэхүүнийг шингээх зах зээл бараг байхгүй. 

Өнөөдөр Монгол Улс зэсийн баяжмалынхаа бараг бүх хэсгийг Хятад руу гаргаж байгаа бөгөөд энэ оны эхний арван сарын байдлаар 2.13 сая тонн баяжмал экспортлоод байна. Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтад орсноор энэхүү урсгалын багагүй хэсгийг өөртөө татаж, эцсийн металл болгон хувиргах юм. 

Энэхүү үйлдвэр нь Монголд бүрэн бие даасан байдлыг баталгаажуулахгүй ч урьд өмнө байгаагүй шинэ боломжийг олгоно. Баяжмалыг зөвхөн ойр хавьд нь хайлуулах хүчин чадалтай улс л худалдаж авдаг бол катодын зэс нь биржийн бараа тул хүсвэл Солонгос руу ч, Европ руу ч ачуулах боломжтой. Гагцхүү металлыг хааш нь нийлүүлэх шийдвэрийг хамтран эзэмшигч бус, Улаанбаатар өөрөө гаргах эрхтэй үлдсэн цагт л энэ боломжийг ашиглаж чадна. Эс бөгөөс Монгол Улс зүгээр л баяжмал ачсан вагонуудаа катод ачсан вагоноор сольж, хүлээн авагчийн хаяг нь хуучин хэвээрээ үлдэх болно хэмээн ОХУ-ын “Сибирский экономист” цахим портал бичжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08