Dark Light
Гадаад | 2026-11-16

ТРАМПЫГ УГТСАН МЕССЕЖ: БЭЭЖИН АСЕАН-ИЙГ ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙХЫГ УРИАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

Дональд Трампын айлчлалын өмнө БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян АСЕАН-тай тогтоосон харилцаагаа "ер бусын" хэмээн магтсан байна.

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян дэлхийн худалдааны хязгаарлалтуудыг үл харгалзан Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын ажиллагаа "үнэхээр ер бусын" амжилтад хүрснийг Даваа гарагт сайшаан тэмдэглэлээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бүс нутагт хийх айлчлалын өмнөхөн Манила хотноо болж буй бүс нутгийн дээд хэмжээний уулзалт дээр Бээжингийн чөлөөт худалдааг тууштай дэмжих байр суурийг илэрхийлсэн байна. 

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) дээд хэмжээний уулзалтын нээлтэд Ли Цян үг хэлэхдээ, дангаар ноёрхох үзэл, протекционизм газар авч, геополитикийн мөргөлдөөн тасрахгүй байгаа энэ цаг үед Хятад, АСЕАН-ы эдийн засгийн харилцаа улам бүр бэхжиж буйг онцлов. Тэрээр өнгөрсөн онд тус бүлэгтэй хийсэн худалдааны эргэлт нэг их наяд ам.доллар давж, хоёр талын нийт хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрснийг дурдаад, сүүлийн таван жилийн ололт амжилт амар олдоогүйг тэмдэглэсэн байна. 

Хятадын төрийн мэдлийн "Синьхуа" агентлагийн мэдээлснээр, Ли Цян хаалттай уулзалтын үеэр өнөөгийн тогтворгүй ертөнцөд Хятад болон АСЕАН эв нэгдэлтэй байж, гаднын хөндлөнгийн оролцоог няцаан, хамтран ажиллах нь юу юунаас илүү чухал гэдгийг хэлжээ. Хэдийгээр Хятад улс тус бүлгийн хамгийн том худалдааны түнш мөн боловч нийт 3.9 их наяд гаруй ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй АСЕАН-ы томоохон эдийн засгууд Трампын засаг захиргааны үеийн худалдаа, дипломат тодорхойгүй байдлын дунд АНУ-тай харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа аж. 

Д.Трамп Хятадын Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) чуулга уулзалтад оролцож, Ши Жиньпин болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нартай гурван талт уулзалт хийхээсээ өмнө Мягмар гарагт Манила хотод газардах хуваарьтай байна. Ойрх Дорнодын дайныг зогсоох болон АНУ-ын тэргүүлсэн "Pax Silica" санаачилгыг цуцлахыг шаардсан зүүний үзэлтнүүд, оюутнууд, ажилчдын дөрөв хоног үргэлжилсэн жагсаалын дараа түүнийг ирэхэд Манилад эсэргүүцлийн жагсаал өрнөх төлөвтэй байгаа юм. Мөн Д.Трамп тэнд АСЕАН-ы удирдагчидтай уулзахаас гадна АНУ, Япон, Австрали, Энэтхэгийг багтаасан "Quad" бүлгийн сүүлийн хоёр жилд анх удаа болж буй уулзалтад оролцох аж. 

Үүний зэрэгцээ 11 гишүүнтэй АСЕАН-ы бүлэг Даваа гарагт Австрали, Өмнөд Солонгос, НҮБ болон Японы удирдагчидтай хэлэлцээ хийх бөгөөд Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг бэхжүүлэх чиглэлээр Япон улсын хүчин чармайлтыг сурталчлахаа мэдэгджээ. Ням гарагт өндөрлөсөн АСЕАН-ы удирдагчдын уулзалтаар Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг зохицуулах ёс зүйн дүрмийг Бээжинтэй эцэслэн тохирч чадаагүй бөгөөд Мьянмарын удирдагчдыг дээд хэмжээний уулзалтад оролцуулахгүй байх бодлогоо үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн уулзалтын үеэр Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто олон сар үргэлжилсэн ой хээрийн болон хүлэр шатсан түймрийн утаа хөрш Сингапур, Малайзад нөлөөлсөнд уучлалт гуйжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08