Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уильям болон Уэльсийн гүнж Кейт Миддлтон нар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Earthshot Prize” шагнал гардуулах ёслолд оролцохоор Даваа гарагт Энэтхэгийн Мумбай хотод хүрэлцэн ирлээ. Энэ нь 2024 онд хорт хавдрын эмчилгээ хийлгэснээс хойш гүнж Кейтийн хийж буй хамгийн томоохон гадаад айлчлал болж байна.
Хунтайж, гүнж нарын Энэтхэгт хийх гурван өдрийн айлчлалын хүрээнд крикетийн домогт тамирчин Сачин Тендулкартай гудамжны крикет тоглох, санхүүгийн төв Мумбай хотын метрогоор зорчих, мөн Мягмар гарагт болох “Earthshot Prize” шагнал гардуулах ёслолд Болливудын алдартай ододтой хамт оролцох зэрэг арга хэмжээнүүд төлөвлөгджээ. Тэд айлчлалынхаа төгсгөлд Шинэ Дели хотод очиж, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах юм.
Хунтайж Уильямын 2020 онд үүсгэн байгуулсан “Earthshot Prize” шагнал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шилдэг шийдлүүдийг олох зорилготой бөгөөд шалгарсан таван ялагч тус бүрт төслөө өргөжүүлэхэд нь зориулж нэг сая фунт стерлинг (1.32 сая ам.доллар) олгодог аж.
Өдгөө 44 настай Уэльсийн гүнж Кейт хорт хавдрын урьдчилан сэргийлэх химийн эмчилгээ хийлгэснийхээ дараа албан ёсны ажлын ачааллаа эрс бууруулаад байсан билээ. Одоо биеийн байдал нь сайжирч, өвчин нь намжмал байдалд орсон тул олон нийтийн арга хэмжээнд аажмаар эргэн оролцож эхэлсэн ч өмнөх гадаад айлчлалуудад хунтайж Уильямыг дагалдан яваагүй юм.
Тэрээр 2024 оноос хойш ганцхан удаа буюу өнгөрсөн тавдугаар сард бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих ажлынхаа хүрээнд Итали улсад хоёр өдрийн ганцаарчилсан айлчлал хийж байжээ.
ТАТАР МАЙДАР






Гадаад


